СУВИЛЛЫН ЦЭЦЭРЛЭГИЙГ ТӨМӨР ЗАМЫН ХУУЧИН ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙРТ ШИЛЖҮҮЛНЭ
Сэлэнгэ аймагт орон нутаг дахь анхны сувиллын цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Нэмэлт сувилал зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийг эмчлэн сувилдаг тус цэцэрлэг 1992 онд анх байгуулагдан аймгийн Нэгдсэн эмнэлгийн байранд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.
Үүсээд байгаа цагийн нөхцөл байдал, коронавируст халдварын эрсдэл, өвчин эмгэгтэй хүмүүстэй зэрэгцэн хамтдаа байрладаг зэрэг нь хүүхдүүдийн хувьд хэр зохимжтой вэ гэдэг асуудлыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хөндөн холбогдох албаны хүмүүстэй санал солилцож хуучин төмөр замын цэцэрлэгийн байранд энэхүү сувилал цэцэрлэгийг шилжүүлэх саналыг гаргаж харилцан ярилцлаа.
Одоогоос жилийн өмнө УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг шинэ цэцэрлэгтэй болж хуучин цэцэрлэгийн барилгаа орон нутагт шилжүүлэн өгсөн нь нийгмийн хариуцлагын хүрээн дэх том дэмжлэг болсон гэдгийг аймгийн дарга онцлон тэмдэглэлээ.
Тус байрыг өнөөдрийг хүртэл ашиглаагүйгээс элэгдэл хорогдолд орох, эзгүйрэх байдал байгаа тул эзэнжүүлж, хүүхдүүдийнхээ асуудлыг эн тэргүүнд тавих зорилгоор шилжүүлэн байршуулах нь зөв гэж албаны хүмүүс үзэж байгаагаа илэрхийлэв.
Аймгийн Засаг дарга Ш.Оргил: “Энэхүү цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй болон асаргаа сувилал зайлшгүй шаардлагатай тэр л хүүхдүүдэд зориулагдсан цэцэрлэг болж улам бүр өргөжих учиртай. Эхний ээлжинд нийгмийн хариуцлагын хүрээнд зарим байгууллагуудаар зайлшгүй хэрэгцээт ажил үйлчилгээг хийлгэе. Хаа хаанаа харилцан тус дэмтэйгээр хүүхдүүдээ аятайхан орчин нөхцөлд байлгая” гэсэн юм.
Д.Одгэрэл эрхлэгчтэй энэхүү 6 дугаар цэцэрлэг 12 ажилтан албан хаагчидтайгаар рахит, тураал, цус багадалт зэрэг суурь өвчтэй, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 60 хүртэлх хүүхдийг 5 өдрөөр хоол эмчилгээ, бариа заслаар сувилдаг.
Энэхүү сувилал цэцэрлэг нь Монгол Улсад 2 байдаг цэцэрлэгийн нэг билээ.