Улаанбуудай 194 мянган тонныг авах урьдчилсан баланс гарч байна
Манай аймгийн тариа, ногооны ургацын байдал ямархуу байна вэ?
 
Энэ жилийн зун нар, хуртай сайхан байлаа. Иймээс ургацын байдал харьцангуй сайн байна. Бид энэ сарын 18-наас 23-ны өдрүүдэд сумдуудад явж бүх ургацаа тогтоолоо. Ургац тогтоолтын урьдчилсан балансаас харахад энэ жил манай аймаг 193 мянган тонн үр тариа авах ёстойгоос 206 мянгыг авах юм шиг байна. Үүнээс улаанбуудай 189 мянган тонныг авах ёстойгоос ургацын балансаар 194 мянган тонныг авах урьдчилсан баланс гарч байна. Энэ маань сайдтай байгуулсан гэрээний дагуу шүү дээ. Бид нэг га-гаас 13.8 ц авах ёстой. Харин энэ жил 15.1 авахаар байна. Эндээс улаанбуудайн ургац өнгөрсөн жилүүдээс сайн байгааг нөгөө талаас ургацын урьдчилсан балансаар Сэлэнгэ аймаг энэ жил тариалсан нэг га талбайгаас 15.1 цн улаанбуудай авахаар байна гэсэн баланс тогтож байна. Үүнээс ч илүү байх бололцоо боломж бий. Гэхдээ тариа маань будаанд буутал цаг хугацаа байна. Газар тариалангийн үйлдвэрлэл маань өөрөө байгалийн хараат учраас хяруу эрт унавал яахав, цас орвол яах билээ гэсэн эрсдлүүдийг ямар нэг хэмжээгээр тооцоод гаргасан тоо. Энэ тоо бол амьдралд их ойрхон тоо. Ингээд цаг агаар сайхан байгаад хяруу эрт унахааргүй байвал энэ тоо маань өсөх хандлага бий.
 
 
 
 
-Төмс, хүнсний ногооны хувьд... Өнгөрсөн хавар ногоочид ногоогоо бага тарьсан сурагтай байсан...?
 
Төмс, хүнсний ногооны ургацын хувьд муугүй, өнгөрсөн жилүүдийн адил байгаа. Гэхдээ сайдтай байгуулсан гэрээгээр аль аль нь жаахан дутуу биелэх бололтой. Энэ маань төмсний хэд хэдэн том аж ахуйн нэгжүүд төмсөө тариагүйтэй холбоотой. Учир нь өнгөрсөн жил борлуулалт муу байсан. Нөгөө талаас ногоочид хөрсөө сэлгээнд оруулж байгаа нэрээр төмсөө тариагүй. Төмс тарьсан талбайд улаанбуудай тарихад бие биендээ маш сайн уринш болж өгдөг. Манай ногоочид жилд 4000 га-д тарьдаг байсан бол энэ жил 3000 га-д тарьсан. Бид сайдтай байгуулсан гэрээгээр 58 мянган тонныг авах ёстойгоос 42 мянгыг авахаар байгаа. Энэ бол нэг га-гийн ургац муу байгаа юм биш. Тариалах талбайн хэмжээ 1000 га-гаар дутуу байгаа юм. Иймээс нөхөж чадахгүйд хүрч байгаа. 10 мянган тонн төмс дутуу байна гэдэг чинь бага тоо биш шүү. Энэ бол их тоо. Мөн хүнсний ногоог ч бас бага тарьсан. Ер нь хүнсний ногоо тариаланчдын маань хөдөлмөр хүнд шүү дээ. Нөгөө талаас насжилт нэлээд их өндөр болсон. Ямар нэгэн урамшуулал байхгүй зэргээс хамаараад байна. Тухайлбал Шаамар сумын 80 гаруй ногоочин ногоогоо тариагүй. Тэд зөгийн аж ахуй руу шилжсэн байсан. Зах зээлийн жамаар жижиг дунд үйлдвэр бие биерүүгээ шилждэг юм байна. Ногоочид зунжин халуунд халж, нойр хоолгүй шахам хөдөлмөрлөөд намартаа ердөө нэгээс хоёр сая төгрөгийн ашигтай байдаг. Тэгвэл нэг бүл зөгийнөөс тэр ашгийг олдог юм байна. Иймээс ногоочдын маань урам мохож, халшрах хандлага гарч ирж байна. Төрөөс хүнсний ногоо руу ихээхэн анхаарахгүй бол болохгүй болжээ. Ногоочдод урамшуулал олгоно гэж олон жил ярьсан. Чадаагүй л байгаа. Энэ жил бид сайдтай байгуулсан гэрээгээр 34000 тонн хүнсний ногоо нийлүүлэх ёстой. Өнөөдрийн балансын байдлаар 31000 тонн байна. Гэхдээ бид үүнийгээ биелүүлнэ. Сэлэнгэ аймаг урьдын адил улсын хураан авдаг улаанбуудайн 50 гаруй хувь, төмсний 30-аад хувь, хүнсний ногооны 30-аад хувийг авна. Одоогоор хүнсний ногооны хураалтын ажил эхэлчихсэн явж байна.
 
-Хүнсний ногооны борлуулалтанд ямар арга хэмжээ авч байна вэ?
 
Борлуулалтын хувьд энэ жил Улаанбаатар хотын 8 цэгт, 100 гаруй хүн, 5-6 мянган тонн ногоо борлуулах тооцоотой байгаа. Ямар нэгэн хүндрэл байхгүй. ҮХААЯам, Улаанбаатар хотын ЗДТГ, ХАА-н асиосиациас хаана ногоо борлуулах асуудлаар судалгаа аваад хүссэн газар, талбайд нь байршуулна. Ирэх сарын 12-ноос 24-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Намрын ногоон өдөр”-үүд арга хэмжээ эхэлнэ. Түүнд урьдын адил бэлтгэл, зохион байгуулалттай оролцоно. Одоо оролцох хүмүүсийн саналыг авч судалгаа хийж байна.
 
-Ер нь энэ жилийн ургац хураалт хэдүйгээр эхлэх төлөв байна. Хураасан тариагаа хадгалах зоорь сав хүрэлцээтэй байж чадаж байна уу?
 
Үр тарианы хувьд одоо дөнгөж ангилан хадалт эхэлж байна. Ангилан хадалтаас хойш 10 гаруй хоногийн дараа үтрэм дээр будаа бууж эхэлдэг. Сая биднийг будаа үзээд явж байхад Орхон сумын “Орхон далай” компани ангилан хадалтаа эхэлсэн байна лээ. Мөн Цагааннуур сумын зарим компани, Сайхан сумын Мардаан баатарын компаниуд ангилан хадалтандаа орж байна. Үр тариа хадгалах сав суулга хангалттай байгаа. Аж ахуйн нэгжүүдэд байгаа сав агуулахууд 60-70 мянган тонныг хүлээн авах хүчин чадалтай. Мөн улсын тариалан эрхлэлтийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдийн сав хоосон байна. Ариутгал, халдваргүйжүүлэлтээ хийсэн.
 
Эндээс харахад улаанбуудайн борлуулалт дээр онц хүндрэл гарахгүй. Ер нь улаанбуудайн тариалалт, ургац зах зээлийнхээ жамаар явж байгаа. Өнгөрсөн хавар 460000 төгрөгөөр улаанбуудай авна гэж зарласан. Энэ маш сайн зүйл болсон. Тэгэхгүй бол хүмүүс рапс их тариалах байсан. Үрийн захиалга өгсөн хүмүүс хүссэн хүсээгүй тариалсан. Эрт зарласан бол үүнээс олон хүмүүс их талбайд улаанбуудай тариалах байлаа. 460000-аар будаагаа өглөө. Дээр нь урамшуулал нэмэгдээд 560000 болно. Мөн өгсөн будааныхаа 50 хувь гээд бодоход рапсаас хамаагүй даваад гарчихаар болж байгаа юм. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад улаанбуудайгаа тарих нь хамаагүй ашигтай байгаа юм.
 
- Энэ жилийн будааны чанарын тухайд...?
 
Энэ жил олон шинэ сортууд орж ирсэн учраас будааны чанар муугүй байгаа. Өнөөдөр гурилын үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн яриа хэлэлцээгээр 550-иас доошгүй үнээр улаанбуудайгаа өгөх нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм байна. Ургамал хамгааллын бодисуудаа сүүлийн үед нэлээд сайн хэрэглэж байгаа учраас ургацын чанар сайжирч байгаа. Мөн олон шинэ сортууд орж ирсэн нь будааны чанарт нөлөөлж байна. Олон аж ахуйн нэгжүүд тарианд хянан баталгаа хийлгэж өгөөчээ. Бид элит үр тариад байдаг. Будаанд л өгдөг. Үүнийгээ элит үрэнд өгмөөр байна гэсэн санал ирүүлсэн. Тэд үрээ улсын үрийн нөөцөнд өгмөөр байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан боломжтой бол үрэнд аваачээ гэсэн байгаа. Энэ саналыг 10-аад аж ахуйн нэгжээс ирүүлсэн. Тиймээс хянан баталгаа хийлгэнэ. Энэ байдал нь ургацын чанар муугүй байгаагийн шинж. Өнгөрсөн намар бид ОХУ-аас 20-иод мянган тонн элит үр оруулж ирэх байсан боловч 10 гаруйг нь оруулж ирсэн. Намрын ургацанд ажиллах машин, техник, тракторын засварын ажил дуусч байна. Хүн хүч бэлэн. Оюутан, цэргийн ангитай урьдчилан ярьж тохирсон байгаа. Бид тавьсан зорилтоо ханган биелүүлнэ. Тариалан эрхлэлтийг дэмжих сан маань дандаа хүнсний улаан буудай бус үрийн будаа авч хадгалах санал тавьж байгаа.
 
-Хадлан тэжээлийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
 
Тэжээлийн ургамлын хувьд өнгөрсөн жилүүдээ бодвол энэ жил сайдтай байгуулсан гэрээгээ хамаагүй давуулахаар байгаа. Энэ жилийн хувьд манай аймаг 30-аад мянган га-д тэжээлийн ургамал тарьсан. Яамнаас 5200 тонныг авах гэрээтэй. Бид 20 гаруй мянган тонныг авахаар байгаа. Малын өвөлжилтийн гол бэлтгэл ажил бол хадлан тэжээл бэлтгэх. Манайх 150 мянган тонн хадлан бэлтгэнэ. Одоогийн байдлаар 10 хувьтай 15000 тонн хадлан бэлтгээд байна. Өвөлжөө худаг усныхаа бэлэн байдлыг хангах, өвөлжөөгөө ариутгах ажлууд хийгдэж байна. Малын ариутгалын ажил хийгдсэн. Бодын хээлтүүлгийн ажил ид явагдаж байна. Удахгүй Мандал суманд шилмэл малын үзсгэлэн худалдаа зохион байгуулагдана.