05 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН 06:00 ЦАГААС 06 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН 00.00 ЦАГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хурлаар аймгийн хэмжээнд явагдаж байгаа вакцинжуулалт болоод цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл, цаашид анхаарч ажиллах асуудлууд дээр санал солилцож харилцан ярилцлаа.

Сэлэнгэ аймаг өнөөдрийг хүртэл хатуу чанга хөл хорионд иргэдээ оруулалгүй, аль болох хааж боохгүй байх шийдвэрийг гаргахыг зорин ажиллаж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлын үүднээс хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, вакцинжуулалтдаа хамрагдвал зохих бүх иргэдээ хамруулж, илүү их хичээж байж эрүүл бүс болох нь хамгаас чухал байгааг аймгийн Онцгой комиссын дарга тодотгож байв.

Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/145 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжлээ. Энэ хүрээнд:

1. Аймгийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагаас 06 дугаар сарын 02-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд үйл ажиллагааг хязгаарлах байгууллагуудын жагсаалтыг хавсралтаар баталлаа.

3.Халдварын тохиолдол бүртгэгдээгүй сумдууд нутаг дэвсгэртээ Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, холбогдох арга хэмжээг авч, сумд хооронд зорчих хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

4. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлсийг худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.

5.Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, шинжилгээ, дархлаажуулалтад хамрагдахад зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

6.Төрийн байгууллагуудыг 30 хүртэл хувиар ажлын байранд ажиллуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, “QR” код байршуулан ажилтан, албан хаагч, үйлчлүүлсэн иргэдийн бүртгэлийг хөтөлж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол зохион байгуулахыг байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

7. Үйл ажиллагаа явуулж буй төр, төсвийн болон аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний газруудын ариутгал, халдваргүйжүүлэлт, халдвар хамгааллын дэглэмийг сахиж буй байдалд байнгын хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, мэргэжил арга зүй, зөвлөгөө дэмжлэгээр ханган, тайлан, мэдээг нэгтгэн танилцуулж ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, сумдын Засаг дарга нарт даалгалаа.

8.Энэхүү захирамжийн хавсралтаар хязгаарласнаас бусад үйл ажиллагаа нь нээгдсэн болон үйл ажиллагаа нь явагдаж буй газруудад халдвар, хамгааллын дэглэм баримталж ажиллах талаар зөвлөмж, чиглэл өгч ажиллахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгалаа.

9. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Журмын хавсралтыг өөрчлөн батлах тухай” 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Түр журмыг шинэчлэн батлах тухай” 41, 5 дугаар сарын 07-ны өдрийн “Түр журам батлах тухай” 42, “Түр журам батлах тухай” 43 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг газар, хэлтэс, албадын дарга, сумдын Засаг дарга нарт даалгалаа.

10.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч /Ц.Рэгзэдмаа/-д даалгалаа.

ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙД:

1. Сумдын хяналтын цэгүүдэд нэвтрэх иргэд вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд вакцинжуулалтын гэрчилгээг иргэний үнэмлэхтэй нь тулгаж шалгах, цахим бүртгэлд давхар хянан бүртгэж нэвтрүүлэх.

2. Хяналтын цэгүүдээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хаалгыг лацдаж, зорчигчдод халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, саад, чирэгдэл учруулахгүй түргэн шуурхай нэвтрүүлэх.

3. Аймгийн хэмжээнд сумд хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг тухайн сумдын Онцгой комиссын шийдвэрээр харилцан уялдаа холбоотой шуурхай нэвтрүүлж үр дүнтэй хамтран ажиллахыг сумдын Онцгой комисст чиглэл болголоо.