ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн Сэлэнгэ аймаг дахь салбарын ахлах улсын өмгөөлөгч Г.ЭНХЦЭЦЭГ: МАНАЙ ТӨВ 2020 ОНД 57 ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЯЛЛАГДАГЧИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛСЭН

Хууль эрх зүйн туслалцаа хэрэг болсон иргэд хэнд хандахаа мэдэхгүй, энэ талаарх мэдээлэл дутмагаас ямар нэгэн асуудал, гэмт хэрэг болон зөрчилд өртөх тохиолдол их бий. Тэгвэл хууль зүйн асуудал тулгарсан хүн бүрт нээлттэй Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийн Cэлэнгэ аймаг дахь салбар үйл ажиллагаагаа явуулж олон иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн мэдээллийг хүргэж байна. Энэ удаагийн хүндэт зочноор тус төвийн Ахлах улсын өмгөөлөгч Гончигийн Энхцэцэгийг урин ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Сайн, сайн байна уу? Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе.

-Та юуны өмнө Хууль зүйн туслалцааны төвийн талаар товчхон танилцуулахгүй юу?

-Хууль зүйн туслалцааны төв нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байж, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах, адил тэгш боломжоор хангах зорилгоор төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах чиг үүрэг бүхий байгууллага юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль маань 2014 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.

Тухайн үеэс эхлэн Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэг, хүн амын нягтаршил ихтэй зарим сумыг хамруулан нийт 31 салбар 72 албан хаагч хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээг төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэн ажиллаж байна.

Манай аймаг дахь салбарын тухайд 2 улсын өмгөөлөгчийн орон тоотойгоор орон нутгийнхаа төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа буюу “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хуульд заасан өмгөөллийн үйлчилгээ болон хууль зүйн зөвлөгөө өгөх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Тэгэхээр тухайн төвийн салбарууд маань улсын хэмжээнд бүх аймагт байдаг юм байна. Таны тухайд өнгөрсөн 2020 онд ер нь хэдий орчим төлбөрийн чадваргүй хүнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлсэн бэ?

-Үйл ажиллагааны тоон мэдээллээс дурдвал Сэлэнгэ аймаг дахь салбар нь 2020 онд  56 эрүүгийн хэргийн 57 төлбөрийн чадваргүй яллагдагчид үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээг үзүүлж, 530 гаруй иргэнд хууль зүйн бүх шатны зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан. 

- Олон үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь харагдаж байна. Эрх зүйн орчныг боловсронгуй болгож хамрах хүрээг өргөжүүлэхээр “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгаатай холбоотойгоор иргэд олон нийтэд мэдээлэл өгөхгүй юу?

- Маш зөв асуулт байна. Баярлалаа. Төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч Хууль зүйн туслалцааны төв нь үйлчлүүлэгчийг зөвхөн яллагдагчаар хязгаарлахгүй Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүн худалдаалах, хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд мөн үзүүлэхээр тогтоож, хамрах хүрээг өргөжүүлэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д хүргүүлсэнийг дуулгахад таатай байна.

Хуулийн төсөл дэмжигдэн батлагдсан тохиолдолд зөвхөн эрүүгийн хэргийн яллагдагч гэхгүй зарим гэмт хэргийн хохирогч, иргэн захиргааны хэргийн зарим нэхэмжлэгчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг юм.

-Та орон нутгийнхаа иргэдэд зориулж салбарынхаа байршлыг танилцуулна уу?

- Салбар маань Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын 1 давхарт “Иргэдэд үйлчлэх танхим”-аар иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

- Магадгүй хэн нэгэнд хууль эрх зүйн ямар нэг асуудал тулгарвал тухайн салбарт хандаж болох нь гэж ойлголоо. Хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авахад тухайн иргэнд тавигдах ямар нэг шаардлага байдаг уу?

- Дээр дурдсанчилан “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хуульд зааснаар улсын өмгөөлөгч нь нэгдүгээрт хууль зүйн зөвлөгөө өгөх, хоёрдугаарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэсэн 2 чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хууль зүйн эрх зүйн зөвлөгөөг иргэдэд нээлттэй байдлаар өгөхөөр хуульчилсан. Энэ маань хууль зүйн ззөвлөгөө мэдээлэл авах хүнд төлбөрийн чадвартай, чадваргүй хамаарахгүй, хууль зүйн асуудал тулгарсан хэн бүхэнд нээлттэй гэсэн үг юм.

Харин үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээг “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хуулийн 7 дугаар зүйлд зааснаар хэсэгт заасны дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгч, яллагдагч, ялтанд үзүүлэхээр хуульчилсан.

-Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүн үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авах буюу улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ?

- Хэн ч Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах, адил тэгш боломжоор хангагдах гэсэн эрхээ эдлэх эрхтэй юм. Эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнд улсын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тохиолдолд хамгийн гол зүйл маань тухайн иргэний “Амьжиргааны түвшнийг тодорхойлох баримт бичиг” байна.Энэ амьжиргааны түвшнийг тодорхойлох баримтыг харьяа баг, хорооний Хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээс авч, тухайн иргэн өөрөө, өөрөө ирэх боломжгүй тохиолдолд ар гэр, ойр дотны хэн ч хандах боломжтой юм. Энэ дээр нэг зүйл нэмээд хэлэхэд тухайн амьжиргааны судалгаанд хамрагдах үе буюу 2017, 2018 онд ажил хөдөлмөр эрхэлдэг, ямар нэг орлогын эх үүсвэртэй байгаад 2020, 2021 онд эрх зүйн байдал нь дордох буюу ажилгүй, ямар нэг орлогогүй болсон иргэд цөөнгүй ханддаг.

Энэ тохиолдолд МУ-ын ЗГ-ын 2014 оны “Журам батлах тухай” 404 дүгээр тогтоолын дагуу хүсэлтээ тухайн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад гарган өөрийн буюу өрхийн амьжиргааны түвшний мэдээллээ дахин бодуулах, шинэчлүүлэх боломжтой юм.

-Хэрэгтэй мэдээлэл байна. Улсын өмгөөлөгч гэж ямар мэргэжилтэй, ямар шаардлагыг хангасан хүн байдаг талаар тодруулбал...?

- Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үндсэн үүрэг бүхий “УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ” нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хууль зүйн туслалцааны төвийн мэргэжлийн хуульч байхаар хуульчилсан байдаг.

 - Цаг гарган иргэд, олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

 - Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.