Энэ жилийн “Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээ Ерөө сумаар өндөрлөлөө
Үзэсгэлэнт сайхан байгальтай, ашигт малтмалын нөөц арвинтай, үр тариа хүнсний ногооны үйлдвэрлэлээрээ аймаг улсдаа тэргүүлдэг, үржил шимт өгөөмөр баян Ерөө нутгийнхан аймгийн иргэд хөдөлмөрчдөд хийсэн бүтээснээ сурталчлан танилцуулах “Соёл, эдийн засгийн өдрөө” өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. 1924 онд байгуулагдсан тус сум 20,3 мянган га нутаг давсгэртэй, засаг захиргааны Тавин, Буурагчин, Бугант гэсэн 3 багтай, 1650 өрх 6607 хүн амтай, төр төсвийн 12, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, мод боловсруулах, худалдаа үйлчилгээний чиглэлийн 130 гаруй аж ахуйн нэгжтэй, 56 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй. Хураан авсан ургацаараа улсдаа удаа дараа тэргүүлж 1959 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1978, 1981 онуудад үүрд хадгалах цом, 1983 онд МХЗЭ-ийн шилжин явах тугаар шагнуулсан гавъяатай. Газар тариалангийн анхны Хөдөлмөрийн баатар Н.Бямбацогт удаах баатар н.Алтангэрэл, н.Баттөр, н.Лувсанчимэд, н.Дашзэвэг, н.Чулуунбаатар, Ардын жүжигчин н.Жамъяанжав, МУ-ын Гавъяат эдийн засагч н.Нямжаргал, Гавъяат механикжуулагч С.Ганболд, н.Түвдэн, Гавъяат агрономич н.Шархүү, Ойн гавъяат ажилтан н.Чангас, Урлагийн гавъяат зүтгэлтэн н.Жаргал, н.Бүтэмж, маршийн хаан н.Цэрэнпил, Гавъяат эмч Д.Сахъяабзар, н.Чойжилсүрэн гээд урлаг, спорт, хөдөлмөрийн алдартнууд энэ нутгаас төрөн гарсан. Ерөө үүлдрийн хонин сүргийг бий болгож, анхны алтны уурхайг нээж, анхны гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн эхийг тавьсан гээд түүхэнд алтан үсгээр бичигдэх олон олон гавъяат үйлсийн эзэд бол хөдөлмөрч бүтээлч Ерөө нутгийн ард иргэд юм. Ийнхүү анхдагчдын өлгий арвин баялаг түүхтэй Ерөө нутгийн ажилсаг иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээж, авъяаслаг түмний урлагийн тоглолт аймгийн төв Сүхбаатар хотноо боллоо.
 
Ерөө сумын “Соёл, эдийн засгийн өдар”-ийн нээлтэн дээр аймгийн Засаг дарга хэлэхдээ:-“Ерөн жилийн баялаг бас бахархалтай түүхтэй талх тариа, эрдэс баялагийн өлгий нутгийн эзэд эрхэм хүндэт Ерөөчүүддээ намрын энэ өдрийн элгэмсэг дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье. Сэлэнгэчүүд та бидний түүхэнд ул мөрөө үлдээж олны сэтгэлд гэгээн дусамж болон үлдсэн олон ажил арга хэмжээний нэг нь аймаг, сумын соёл урлагийн өдрүүдийг зохион байгуулж, урлаг соёлоор өргөн олондоо үйлчилдэг байсан ажил юм. Энэ ажил арга хэмжээг хөгжлийн өнөөгийн шинэ утга агуулгад нийцүүлэн баяжуулж сэргээх зорилгыг аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааны бодлого үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх ажлаа энэ оноос эхлүүлж Баруунбүрэн, Зүүнбүрэн, Шаамар, Түшиг, Цагааннуур сумдын “Соёл, эдийн засгийн өдрүүд”-ийг амжилттай зохион байгуулж өнөөдөр энэ оны хамгийн сүүлийн сум болох Ерөөчүүдийнхээ соёл, эдийн засгийн өдрийг нээхээр та бид энд хуран цуглаад байна. Монголын газар тариалангийн ууган хөдөлмөрийн баатар, хөдөлмөр бүтээлийн талбар дахь олон эрдэмтэн мэргэд, соёл урлаг, газар тариалангийн баатрууд гавъяатуудаараа алдраа мөнхөлж, Монгол төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Сэлэнгэ нутаг дахь анхны хийгээд ганц сум болох бахархал, шинэ ололт амжилт бүтээл дүүрэн яваа Ерөөчүүд маань урлаг соёлоороо, хийсэн бүтээснээрээ Сэлэнгэчүүд түүний дотор Сүхбаатарчууддаа өргөн дэлгэр үйлчилж буриад зоны түүх соёл, хөдөлмөрч бүтээлч зан үйлээ сурталчлан танилуахаар зорьж ирсэнийг бахархан тэмдэглэе” гэлээ.
 
 
Партизаны талбайд Ерөө суманд үйлдвэрлэгдсэн хүнсний ногоо, мод модон эдлэл, төрөл бүрийн модны үрсэлгээ, даршилсан ногоо, жимс, эмийн ургамал, зөгийн бал, эмийн ургамлаар хийсэн цай, бүх төрлийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа өргөн сонголттойгоор зохион байгуулагдлаа. Ерөө суманд мод үржүүлгийн мэргэжлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр байгууллагуудын тарьцууд гүйлгээ сайтай байв. Мөн цагаан идээний борлуулалт маш сайн байлаа. Сүү 1 литр нь 500 төгрөгөөр зарагдаж байсан бөгөөд хурдан дуусч авах хүсэлтэй иргэд олон үлдсэн. Хүнсний ногоог угааж цэвэрлэн пакеталж нэг удаагийн хэрэглээнийхийг 1500, түүнээс дээш тор дүүрэн хэмжээтэйг 4000 төгрөгөөр борлуулж байв. Пакеттай ногоонд төмс лууван сонгино байцаа, амтат чинжүү гээд бүх төрлийн ногоо багтсан байлаа. Цагаан идээ жижиг савалгаанаас эхлээд бүх хэмжээтэй зарагдсан. Ерөөгийнхний нэг онцлог нь сав баглаа боодолд маш сайн анхаарч бараа бүтэгдэхүүн бүр өөрийн савалгаатай байсан явдал. Цөцгий өрөм л гэхэд савнаасаа хамаараад 1500-5000, ааруул 6000-8000, хонины мах 6500, шалны мод 3000 гэх мэт ханштай зарагдаж байв. Үнийн хувьд харьцангуй хямд байсан учир бүтээгдэхүүнүүд борлуулалт сайтай байлаа. Модны чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зүймэл хавтан, банз, пүрүүс зэрэг моднууд иргэдийн анхаарлын төвд байж чадсан.
 
Сумын төр төсвийн байгууллагууд ч өөрсдийн ажил үйлчилгээний танилцуулгаа хийлээ. Соёл, эдийн засгийн өдрийн хүрээнд сумын жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлн худалдаа, Ерөө сумын танилцуулга арга хэмжээ, Буриад сурын харваа, Ерөө сумын орон нутгийн судлах музейн үзэсгэлэн, “Ерөө сумын түүхэн замнал” баримтат кино, ардын авъяастнуудын “Хатан Ерөөгийн халгиа” урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.
 
“Хатан Ерөөгийн халгиа” урлагийн тоглолт буриад зон олны онцлогийг харуулсан дуу, бүжиг, ардын болон орчин үеийн бүжиг, зохиолын болон эстрад дуу, хөгжимөөс бүрдэж байлаа. Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” компанийн уурхайн баяжуулагч инженер Батдорж Никитон хамтлагийн Батчулууны “Янаг цэцэг” дууг мэргэжлийн түвшинд дуулж үзэгчдийг бахдуулсан. Мөн авъяаслаг гэр бүл улсын уралдааны дэд байрын шагналт, МУСТА Б.Ганболдын гэр бүлийн “Хатан ерөө” хамтлаг, морин хуурын “Монгол аялгуу 1” хамтлаг, “Ганга мөрний уянга” энэтхэг бүугийн улсын уралдааны 10 удаагийн тэргүүн байрын шагналт “Хараацай 4” хамтлаг гээд үзэгчдийг бахдуулсан олон сайхан номерууд тус тоглолтонд гарч халуун алга ташилтан дунд өндөрлөсөн юм. 60 гаруй хүний хөлс хүч шингэсэн тоглолтын ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч МУСТА Ц.Энхтүвшин ажилласан байна.
 
 
Хан буурагчин хайрхан, хатан Ерөө их усан шүтээнтэй Ерөө сайхан нутгийнхан “Соёл, эдийн засгийн өдрөө” өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Ийнхүү Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу сум орон нутгийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, сумдын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, тухайн орон нутгийн онцлог давуу тал, брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах зорилготой "Сумдын Соёл-эдийн засгийн өдөрлөг"-ийн 2014 оны арга хэмжээ Ерөө сумаар амжилттай өндөрлөлөө.