Өрх толгойлсон эмэгтэйг шинэ байртай болгожээ
Шаамар сумын Дулаанхаан тосгоны иргэн Ж.Сарангэрэл өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй ажээ. Өвлийн сэрүүн хаяанд ирсэн энэ цаг мөчид аймгийн НХҮХэлтэс, Тосгоны захирагчийн алба, “Цагаан хаалга” өртөө, тосгоны ард иргэд сэтгэл зүтгэл гарган хандив туслалцаа үзүүлж нар сар гэрэлтсэн түүний хуучин муу байшинг нь тохижуулан засварлаж шинэ байртай болгож өгөөд байна.
 
Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй 16-35 хүртэлх насны Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн “Ажлын гараа” төслөөр тосгоны ажилгүй залуучуудыг ажлын байраар ханган нурах дөхсөн 4х6 харьцаатай шавар байшинг ийнхүү засч, цоо шинэ өвлийн байшин болгожээ. Байшинг А.Цогтбаатар, Д.Отгонбаатар, А.Баярбаатар, Ш.Галбаяр, Ц.Идэр, З.Мөнх-очир, Т.Тогтохбаяр нарын залуус барьсан байна.