АЙМГИЙН ЗД-ЫН ОРЛОГЧ СҮХБААТАР, МАНДАЛ, САЙХАН СУМДАД ХИЙГДЭЖ БУЙ ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖЛЫН ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа БХБЯам, Барилгын хөгжлийн газар, “Магниус Сентурион констракшн”ХХК-ийн холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан Австри Улсын Засгийн газрын дэмжлэгээр манай аймгийн Сүхбаатар, Мандал, Сайхан сумдад хийгдэж буй гэрэлтүүлгийн ажлын явц байдлын талаар санал солилцон ярилцлаа.
БХБЯам, Барилгын хөгжлийн төвийн захиалгаар хийгдэж байгаа энэхүү ажлын гүйцэтгэгчээр “Магниус Сентурион констракшн”, “Zumtobel” компаниуд ажиллаж байна.
Гүйцэтгэгч компаниуд гэрэлтүүлгийн ажлыг хамгийн түрүүнд аймгийн төв Сүхбаатар сумаас эхлүүлж, туршилтын асаалтыг хийж үзсэнээ танилцууллаа. Мөн энэхүү тавигдаж байгаа шинэ гэрлүүд нь цахилгаан зарцуулалт маш багатай, хамгийн сүүлийн үеийн гэрэл гэдгийг ч тайлбарлаж байв.
Уулзалтын үеэр Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа: Ажлыг гүйцэтгэл сайтайгаар хийж, хурдан хугацаанд гэрэлтүүлгээ асаах хэрэгтэй байгааг тодотгон тэмдэглэлээ. Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагааг маш сайн баримталж, харилцан уялдаатай ажиллахыг чиглэл болголоо.
Яг одоо Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженер Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэхүү ажилтай холбоотойгоор манай аймагт ажиллаж байна.