СЭЛЭНГЭ АЙМГИЙН БСУГ-ЫН ДАРГА Ч.ЖАРГАЛСАЙХАН: ХҮҮХЭД СУРНА ГЭДЭГ БОЛ “БАГШ-ХҮҮХЭД- ЭЦЭГ ЭХ”-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН

Сэлэнгэ аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхантай элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын талаар цөөн хором хөөрөлдлөө.

-Улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн шалгалт анх удаагаа намар зохион байгуулагдах шиг боллоо. Энэ жилийн шалгалтын онцлогийг та тодорхойлохгүй юу?

Ч.Ж:-2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт нэлээд онцлогтой нөхцөл байдалд зохион байгуулагдлаа. 6 дугаар сард авах байсан шалгалт хойшилж 8 дугаар сард зохион байгуулагдлаа. Танхимын хичээл бага, ерөнхийдөө зайн сургалттай байсан ийм онцлог нөхцөлтэй үед энэ удаагийн шалгалт явагдсан.

-Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн олон газар хамтран энэ удаагийн шалгалтыг зохион байгууллаа. Урьдчилсан нөхцөл байдлыг хэрхэн хангав, шалгалтын үеэр хэчнээн хүн ажилласан бэ?

Ч.Ж:-Олон хүний хүч хөдөлмөрийн дүнд энэ ажлыг зохион байгуулсан. Өвчлөлийн нөхцөл байдлаас үүдэн өмнө нь нэг л сургууль дээр зохион байгуулдаг байсан бол энэ удаа Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургууль гэсэн 3 сургууль дээр зохион байгууллаа. Олон хүмүүс хамтран ажиллалаа. Улаанбаатар хотоос манай яамны харьяа Боловсролын үнэлгээний төвөөс 7 хүн ирж ажиллалаа. Манай газартай хамтраад Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт,  “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ”ХХК, Эрүүл мэнд гээд олон газар ажиллалаа. Хүүхэд, эцэг эхчүүдийн хөл хөдөлгөөнд гол анхаарлаа хандууллаа. Цагдаагаас сургууль бүр дээр 3 цагдаа 1 ахлахтайгаа хамт ажиллалаа. Хэв журам сахиулах, Тагнуулын байгууллагаас сургууль руу тест авчрах буцаагаад хүргэж өгөх, тээвэр зохицуулалтын чиглэлээр цагдаагийнхан маань үүрэг гүйцэтгэсэн. Энэ олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалт дүрэм журмынхаа дагуу ямар нэг хэл ам, маргаангүй явагдаж өндөрлөлөө. Хамтран ажилласан бүх газрууддаа талархал илэрхийлье.

-Шалгалтын сэдэв, даалгаврын нууцлалын хувьд өндөр түвшинд байсан байх...?

Ч.Ж:-Тиймээ. Шалгуулагчдын тест жил бүр Тагнуулын байгууллагаар дамжаад ирдэг. Тагнуулын байгууллагаас материалын лац ломбо бүх зүйлийг шалгаад цагдаагийн байгууллагын хяналт дор хүлээж авдаг. Сургууль дээр очоод цагдаагийн хараа хяналттайгаар ангиудад хуваарилдаг. Шалгуулагчдыг шалгалтаа өгсний дараа материалыг буцаагаад хайрцаг саванд нь хийгээд лацдаад хүлээлгэж өгдөг. Энэ хооронд ямар нэгэн зөрчил гараагүй.

-Энэ жил хэчнээн хүүхэд шалгалтад хамрагдсан бэ?

Ч.Ж:-2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 1260 гаруй хүүхэд төгссөн. Өдрийн ангийн энэ төгсөгчдөөс 1093 хүүхэд шалгалтад орсон. Өмнөх онуудын төгсөгчдөөс 200 гаруй хүүхэд бас орсон. Ингээд үндсэндээ 1290 гаруй хүүхэд шалгалт өгсөн.

-Олон нийтийн сүлжээгээр манай аймаг доороосоо 2-т явна гээд баахан шуугилаа...?

Ч.Ж:-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг манай яамны харьяа Боловсролын үнэлгээний төв гаргадаг. Энэ байгууллагын гаргасан зарим мэдээллийг хүмүүс авсан гэж ойлгож байгаа. Энэ бол зөвхөн Физикийн хичээлийн дүн. Би харахдаа энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдээс физик, хими, монгол хэлний хичээлүүдээр тааруу үзүүлэлт үзүүлчихэвүү дээ гэж харж байгаа.

-Манай шалгуулагчдын бэлтгэл ямархуу түвшинд хангагдсан байсан гэж та харж байна вэ?

Ч.Ж:-Ер нь бол нөхцөл байдал улс даяараа өвчлөл, танхимаар хичээл ороогүй, зайнаас гэсэн ийм л байдалтай байсан. Нэг талдаа бол шалгуулагчдад бас боломж олгосон байсан. Энэ боломжийг хүүхэд-багш-эцэг эх гурав хэр ашиглав гэдгийн нэг үр дүн харагдаж байна. Сэлэнгэ аймгийн хувьд нэг онцлог зүйл гэвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэргэжлийн 6 хичээлээр 2 дугаар сараас эхлээд цахимаар байнга давтлага өгсөн. Мөн энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврын сан дээр багш нарт, хүүхдүүдэд их дөхүү юмыг гаргаж өгсөн, манай үнэлгээний төв дээр. Өмнөх элсэлтийн шалгалтууд агуулгаар байдаг байсан бол энэ жил 10, 11 дүгээр ангиас иймэрхүү төрөл гээд чиглүүлээд өгчихсөн. Энэ хүрээнд давтлагаа сайн авсан, өгсөн нь сайн оноо авсан байх.

Ер нь бол сурах үйл явц бол ганц багшийн ажил биш. Багш-хүүхэд-эцэг эх хамтарч байж эцсийн үр дүн гардаг. Энэ нөхцөл байдлын үүднээс төгсөгчдөд бололцоо олгосон гэж би нэг талаасаа харж байгаа. Гишүүн хүртэл олон багш нарыг урьж, олон цагаар давтлага өгсөн. Байн байн сорил авсан. Манай сургуулиуд, хүүхдүүд 100 хувь энэ боломжийг ашиглаж чадсан бол өнөөдрийн яригдаад байгаа энэ ярианаас хамаагүй дээгүүр оноо авч чадах байсан байх гэж бодож байна. Сайн хүүхдүүд бол сайнаараа л байгаа. Жишээлэхэд 2020 оны аймгийн аварга сурагч Сүхбаатар сумын 4 сургуулийн Амина өөрийнхөө өгсөн шалгалт болгоныг тэргүүлсэн. Нийгэм дээр 800 оноо авсан бол Орос хэл дээр 99, Монгол хэл дээр 90 оноо авах жишээний. Энэ мэтчилэнгийн олон хүүхдүүд байгаа. 800 оноонд хүрээгүй ч жигд 700 гарсан оноотой хүүхдүүд зөндөө байна. Нэг хэсэг нь өөрийнхөө хүсэл тэмүүллийн дагуу, өөрийнхөө зорилгыг ойлгоод, энэ сургуульд орно, ийм мэргэжил эзэмшинэ гээд санаачлагатай, уйгагүй хөдөлмөрлөж хичээж  чадаж байна. Нэлээдгүй хэсэг нь энэ бүхнээ бүрэн гүйцэд ч ойлгоогүй, цагийг нь тулгаж байгаа зэрэг байдал гарсан хэвээрээ л байна. Үүнд л анхаарах хэрэгтэй.

-Энэ жилийн тухайд 5 хүүхэд 800 оноо авлаа. Өмнө нь ийм олон хүүхэд 800 оноо авч байгаагүй санагдаж байна?

Ч.Ж:-Өмнөх жилүүдэд 800 оноо авсан хүүхэд 1, 2 л гардаг байсан. Энэ жил нийгмийн ухааны мэдлэгээр 5 хүүхэд 800 оноо авлаа. Үүнээс нэг багшийн бэлтгэсэн 3 хүүхэд байна. Энэ бол онцгой амжилт. 800 оноо авсан 5 сурагчид даа, бэлтгэсэн багш нарт нь баяр хүргэе.

-Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой цаашид анхаарах ямар асуудал байна вэ?

Ч.Ж:-Энэ шалгалт жил бүр явагддагаараа л явагдана. Тиймээс манай хүүхдүүд сурах чиглэлийг зорилгоо болгоод хөдөлмөрлөх хэрэгтэй. Сэлэнгэ муу багш нартай биш. Сайн багш нар олон байна. Миний онцлон тодотгоод байгаа зүйл бол сурна гэдэг ганцхан багшаас хамаарах зүйл огт биш. Багшаас гадна хүүхэд, эцэг эхчүүдээс маш их шалтгаалж байгаа. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтыг чанаржуулах гол үндэс бол хамтын хүчин чармайлтын үр дүн. Ер нь бол сайжруулах юм их бий. Мэргэжлийн багш нарын хувьд ч анхаарах зүйл байна. Эцэг эх, сурагчдыг хувьд ч анхаарах зүйл байна. Сургуулийн болоод орон нутгийн удирдлагын зүгээс ч анхаарах зүйл байна.

21 дүгээр зуун бол мэдээлэл технологийн эрин үе. 12 дугаар ангийн хүүхэд гэдэг бол хичээлүүдийнхээ ерөнхий агуулгыг мэдчихсэн, сурах арга барилыг эзэмшчихсэн байх ёстой. Ийм хүүхдүүд цаг заваа зөв хуваарилаад өөрийгөө дайчлах юм бол цахимаар харин ч илүү олон талт мэдээллийг авах бүрэн боломжтой. Түрүүн гишүүний тэр олон цагийн хичээл, давтлагуудыг дурьдлаа. Олон багш нарын хичээлүүд байна. 12 дугаар ангийн хүүхэд өөрөө л суръя гэж чин хүсэл эрмэлзлэлээр хичээх юм бол нөхцөл боломж нь бүрэн дүүрэн байна. Мэдээллийн энэ олон суваг, байгаа боломжийг манай хүүхэд залуучууд зөв ашиглах хэрэгтэй.