АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СҮХБААТАР СУМЫН ЗАРИМ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын зарим цэцэрлэг, сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Хамгийн түрүүнд Д.Баяржаргал эрхлэгчтэй 4 дүгээр цэцэрлэгээр орсон юм. Тус цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. Цэцэрлэгийн орчин зай талбай бага хэдий ч тоглоомын талбайгаа ашиглан багахан хөлбөмбөгийн талбайг тохижуулсан байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн 2 сая төгрөгийн асуудалтай байгаагаа танилцуулж Засаг даргын зүгээс энэ асуудлыг болон шинэ хөлбөмбөгийн талбайд тоглох бөмбөг авч өгч хүүхдүүдийн хөгжих орчинд дэм үзүүлэхээр боллоо.
Засаг даргын орсон 2 дахь газар Сүхбаатар суманд шинээр нээгдэж байгаа 150 хүүхдийн цэцэрлэг. Өнгөрсөн хавар барилгын ажилтай аймгийн дарга биечлэн танилцаж холбогдох үүрэг даалгаврыг өгч байсан цэцэрлэг үүдээ нээхэд бэлэн болсон байна. Аймгийн даргаас Т.Намираа эрхлэгчтэй шинэ цэцэрлэгийн үйл ажиллагаанд 15 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, үүдний тусгаарлах өрөө гаргах вакумын асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Ийнхүү Салхит 3 дугаар багийн иргэдэд хамгийн ойр цоо шинэ цэцэрлэг 3 дугаар сургуультай зэрэгцэн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Рэнцэнноров эрхлэгчтэй улсын тэргүүний 1 дүгээр сургуульд аймгийн хэмжээнд 4 дэх мэдээлэл зүйн танхим нээгдсэн. Хамгийн сүүлийн үеийн комьютерээр хангагдсан тус танхим болон химийн кабинетыг аймгийн дарга үзэж сонирхлоо. Аймгаас “Гадаад харилцааг эдийн засагжуулах нь” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-тай хамтран мэдээлэл зүйн танхимуудыг ийнхүү сургуулиудад шинээр нээсээр байгаа юм. Тус сургууль энэ хичээлийн жилд 51 бүлэгт 110 багш ажилчид, 1600 хүүхэдтэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулна.
Улсын тэргүүний 4 дүгээр сургууль автомашины зогсоолоос эхлээд үүдэндээ шинэ хөшөө босгож, гадна талбайдаа сагсан бөмбөгийн талбай байгуулан, зам тавьж байгаа гээд сургуулийнхаа 30 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажил хийхээр зорьсноо захирал Н.Энхтөр онцолж байсан юм. Тус сургуульд сэтгэл зүйчээс бусад багш боловсон хүчин бүрэн хангагдсан байна. Сургуулийн өмнөх зогсоолын асуудлыг шийдвэрлэж өгсөн аймаг, сумынханд талархал илэрхийллээ. Одоо 3,5 сая төгрөгөөр 350 мкв талбайг өөрсдийн багш ажилчдын хүчээр хийж байна. Тус сургууль энэ хичээлийн жилд 75 багш ажилчид,1060 орчим хүүхдүүдтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулах юм байна. Сургуулийнхаа 16 ангийг шавь Батдоржийнхоо дэмжлэгтэйгээр сольж шинэчилсэн гэлээ. Бүх багш ажилчиддаа онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллах үүрэг чиглэлийг гаргасанаа танилцуулж байв. Хичээл сургалт эхлэх бүх бэлтгэл хангагдсан байна.
Аймгаас сургууль, цэцэрлэгүүдийнхээ хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд бүрэн шийдэхээр аймгийн ИТХ-аар 158 сая төгрөгийнг батлуулаад байгаа. Ийнхүү гал тогооны дутагдалтай байдлыг бүрэн арилгаж үдийн цай хоол асуудалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.
Дараагийн ээлжинд техник хөдөлмөрийн кабинетуудыг сургууль бүрт байгуулж хүүхдийг амьдрах арга ухаанд сургах эхний дадлыг бий болгохоор зорьж байна. Аль болох цогц байдлаар асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилгыг агуулж байгаа хэмээн аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ.