АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Боловсролын газар, ХХААГ, “Сүхбаатар өртөө”, “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Маргааш хичээлийн шинэ жил эхэлнэ. Энэ хичээлийн жил цар тахлаас үүдэн багагүй бэрхшээл дунд эхэлж байгааг аймгийн Боловсролын газрын дарга Ч.Жаргалсайхан тэмдэглэн хэлсэн. 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа УОК-ын шийдвэрийн үндсэн дээр Эрүүл мэнд, Боловсролын сайдуудын тушаал, дүрэм журмын хүрээнд зохион байгуулагдах юм.
Сэлэнгэ аймгийн бүх сум, тосгодыг коронавирусын өвчлөлийн нөхцөл байдлаас хамааруулан УОК-оос гаргасан бүсүүдэд хувааж тухайн бүсийн зэрэглэлээр хичээлийг эхлүүлж байна. Сэлэнгэ аймагт улаан бүсд хамаарагдах сургууль, цэцэрлэг одоогоор байхгүй. Эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа сумд 5:9 зарчмаар хичээлийг эхлүүлнэ. Энэ нь 5 өдөр танхимаар, 9 өдөр цахимаар хичээллэнэ гэсэн үг юм. Мөн бүх сургуулиуд 2 ээлжээр хичээллэх бол цэцэрлэгт зөвхөн 4-5 настаснгуудыг хүлээн авна.
Боловсролын салбарын захирал, багш, ажилчдад хичээл сургалтын үйл ажиллагаа хэрхэн явуулах дүрэм журмыг яамны зүгээс удаа дараа цахим хэлбэрээр явуулсан байна.
Энэ жил Сэлэнгэ аймаг хур бороо ихтэй байснаас үер усны эрсдэл үүсч хадлан тэжээл, ургацад багагүй сөрөг нөлөө үзүүлж байгааг аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр онцолсон. Одоогоор Зүүнбүрэн, Хушаат, Шаамар сумдад үерийн эрсдэл үүсч Зүүнбүрэн сумын зам хаагдаад байгаа.
Энэ сарын 29-ний өдрөөс УБ-СБ, СБ-УБ чиглэлийн суудлын галт тэрэг явж эхэлсэн. УБТЗ-ын байгууллага суудлын галт тэрэгний дүүргэлтийг 50 хувьд байлгаж хүмүүсийг зорчуулж байна. Билет захиалга хэвийн явагдаж байгаа бөгөөд 2 тундаа бүрэн хамрагдсан иргэд сертификатаа үзүүлээд зорчих бол, 1 тунд хамрагдсан болон бусад тохиолдолд PCR шинжилгээний 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний 42 цагийн хугацааны эрхтэйгээр зорчих юм байна.
Аймгийн зүгээс унтлагын болон хурдан галт тэрэг явуулах боломжтой эсэх саналыг төмөр замын байгууллагад уламжиллаа.
Иргэдийн зорчих хөдөлгөөн тодорхойгүй хугацаагаар хаагдаад байгаа Цагааннуур, Түшиг суманд коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдсээр байгаа тул нөхцөл байдалтай уялдуулан Цагааннуур суманд Ковидын тасаг нээж эмчилгээг шуурхай эхлүүлэх шийдвэрийг энэ удаагийн хурлаас гаргалаа.
Мөн аймгийн хэмжээнд үер усны эрсдлээс үүдэн гарсан хохирлын бодит үнэлгээг шуурхай гаргаж танилцуулахыг аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил энэ 7 хоногт багтаж “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ дээр ажиллаж тус байгууллагын бодит нөхцөл байдалтай танилцахаар боллоо.
Энэ удаагийн хурлын үеэр аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил “Вакцинд огт хамрагдаагүй бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтыг сургууль, цэцэрлэгийн орчинд төдийгүй бүхий л газарт явахдаа онцгой анхаарч маш хариуцлагатай байхыг нийт эцэг эхчүүддээ уриаллаа. Хүүхдүүддээ өөрийгөө хамгаалах, маскыг тогтмол зүүх, гараа байнга угааж ариутгах дадлыг хэвшүүлж, эцэг эхчүүд өөрсдөө ч дэглэмээ чанд баримтлан үлгэрлэл болох ёстойг онцлон тэмдэглэлээ”.