АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ц.РЭГЗЭДМАА ЗҮҮНБҮРЭН СУМАНД ҮҮСЭЭД БАЙГАА ҮЕР УСНЫ ЭРСДЛИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Зүүнбүрэн суманд үүсээд байгаа үер усны нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа холбогдох арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.
Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Р.Мөнхбатаар ахлуулсан 5 алба хаагч, 2 автомашин, 1 моторт завьтай газар дээр нь очиж ажиллаж байна. Тус сумын Онцгой комисст аж ахуйн нэгжүүд автомашин техникийн дэмжлэг үзүүлэн үерийн даланг хүчитгэн ажиллаж байна. Тус сумын Бэлчир 2-р баг Хайргатай гарам гэх газарт усанд боогдсон 3 өрхийн 6 иргэнийг Онцгой байдлын газрын алба хаагчид гэрийн эд зүйлсийн хамт үерийн уснаас аюулгүй газарт байрлуулан, амь насыг нь авран хамгаалж, мөн 37 бог малыг завиар тээвэрлэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг ОБГ, ЦГ-ын алба хаагчид гүйцэтгэж байна.
Зүүнбүрэн сумын Онцгой комиссын шийдвэрээр Цагааннуур, Түшиг сумын чиглэлд түр хугацаанд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан тул иргэд та бүхнийг тус сумдын чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээгээр
2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон гол болон Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн, Онон, Хэрлэн /Өндөрхаан/ , Хангай нурууны арын Чулуут, өврийн Түй, Онги /Сайхан-Овоо/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Бэлтэс, Бүгсий, Үүр, Сэлэнгэ, Орхон, Онон, Хэрлэн, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Чигж, Баруунтуруун, Тэс зэрэг голууд үерийн түвшинг 30-95 см , Дэлгэрмөрөн, Улз, Халх болон Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын дундуур үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8 дугаар сарын 28-нд Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг Орхон голын нийт уртын дагууд усны түвшин 5-20 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.