АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
-Энэ удаагийн хурлаар коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт, нөхцөл байдлын мэдээллийг аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од танилцууллаа. Тархалтын байдал буурахгүй байгаа энэ цаг үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор багш-хүүхдүүд хэн хэнээсээ хамааралтайгаар эрсдэлтэй нүүр тулж байгаа гэдгийг АОК-ын дарга Ш.Оргил тэмдэглэн хэлсэн.
Тиймээс ч тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой болон бусад салбар чиглэлийн ажилтан албан хаагчид, иргэдийг өөрсдийнх нь саналд тулгуурлан маргаашнаас эхлэн 3 дахь тунгийн дархлаажуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр боллоо. Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан өндөр зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга нарт үүрэг болголоо.
-Зүүнбүрэн суманд үүссэн үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Төв аймгийн Жаргалант суманд болсон газар хөдлөлтийн талаарх мэдээллийг аймгийн ОБГ-ын дарга Г.Галбадрах танилцуулсан.
Зүүнбүрэн суманд үүссэн нөхцөл байдлыг хурдан хугацаанд арилгах арга хэмжээг АОК-ын гишүүн ЗД-ын орлогч Ж.Сайнцог, Ц.Рэгзэдмаа нараар ахлуулсан баг тухай бүр авч хэрэгжүүлсний үндсэн дээр өнөөдөр тус чиглэлдэх зам нээгдэж зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхлээд байгаа юм. Намрын ургац хураалтын энэ чухал цаг үед тариалангийн гол сумд болох Цагааннуур, Түшиг чиглэлийн энэхүү замыг хурдан хугацаанд нээж, холбогдох арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн “Монгол ЛЗ зам гүүр”ХХК-ийн хамт олонд АОК-ын дарга Ш.Оргил нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ. Мөн зам хаагдсан үед завиар иргэдийг гаргаж ажилласан ОБГ, ЦГ-ын алба хаагчид, сум орон нутгийнханд ч талархал илэрхийлсэн.
9 дүгээр сарын 08-ны өдрийн 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т 5 магнитуудын газар хөдлөлт болж, манай аймгийн 11 суманд газар хөдлөлт мэгдэгдсэн байна. Тиймээс сумдын газар хөдлөлтийн баллыг нарийвчлан тодорхойлохоор ажиллаж байгаа ба дүн мэдээ 2 хоногт гарна. Ийнхүү газар хөдлөлт үе үе болж байгаатай холбогдуулан бэлтгэл бэлэн байдал, урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг төр төсөв, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд өгч, ухуулан таниулах ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймгийн ОБГ-т үүрэг болголоо.
-Хурлаас Сүхбаатар суманд коронавируст халдвар /Ковид-19/-аар өвдөж гэрийн эмчилгээ хяналтад байгаа иргэдэд хүрч үйлчлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг аймгийн ЭМГ-т даалгалаа.
ЭМГ-аас өөрсдийн хүн хүчний нөөцөд тулгуурлан 4 ээлжээр баг гаргаж тодорхой хуваарийн дагуу иргэдэд очиж үйлчлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан.
-Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: “Өрхийн эрүүл мэндийн төвийн асуудал, түргэвчилсэн, PCR шинжилгээ авч үйлчилж байгаа ажилтнуудын харилцаа хандлагын талаар иргэдээс санал гомдол гарсаар байна. Та бүхэн маань цаг наргүй тэргүүн эгнээнд зүтгэж байгааг бүгд мэдэж байгаа. Бас та бүхнээрээ бахархаж талархаж байгаа. ЭМГ, Нэгдсэн эмнэлэг хоёр маш сайн уялдаатай ажиллаж хэрэгтэй. Ер нь эрүүл мэндийн салбар дээрээсээ доошоо хүртлээ харилцан уялдаа хамааралтай, ёс зүйтэй, зөв харилцаа хандлагатай ажиллах ёстой шүү. Энэ байдалд онцгой анхаараарай” гэлээ.
-Мэргэжлийн байгууллагуудад өвөлжилийн бэлтгэл ажилд онцгой анхаарч, дутуу бүхнээ цаг гайгүй байгаа дээр гүйцээхийг, ургац хураалтад дутагдалтай хүн хүчийг гаднаас авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүд дүрэм журмыг ягштал баримталж өндөр хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.