МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА С.АМАРСАЙХАН СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Шадар сайд өнөө өглөө Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлд 128 км замыг тавихаар ажиллаж байгаа “Монгол ЛЗ зам гүүр”ХХК-ийн ажлын явц байдалтай танилцаад холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг ирүүлж ажиллуулахаар боллоо. Тус ажлын хэсэг нөхцөл байдлыг нарийвчлан дүгнэж тайлагнах юм.
Шадар сайд аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, Засгийн газар, УОК-ын бодлого шийдвэрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаатай танилцлаа. Цар тахлын энэ цаг үед аймгийн Онцгой комисс, ЭМГ, Боловсролын газар, ХХААГ, Мал эмнэлэгийн газар, Хилийн цэргийн 0101 дүгээр анги зэрэг голлох салбарын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа мэдээллийг сонслоо.
Энэ үер аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил дараах саналыг уламжилсан.
-Нэгдүгээрт коронавирусын цар тахалтай тэмцэж байгаа энэ нөхцөлд эрүүл мэндийн салбарт цаашид хэрэгцээ шаардлагатай хэдэн зүйл байна. Бид халдварын тохиолдлын улмаас олон газарт ковидын тасаг нээн ажиллуулж байгаа. Энэ бүхэнд зөөврийн рентгэн аппарат дутагдалтай байна. Манай Мандал сум хүн ам ихтэй улсын хамгийн том сум. Халдварын тархалт ч буурахгүй байгаа. Иймээс Мандал суманд молекул биологийн шинэ лаборатори нээж ажиллуулах хүсэлттэй байна.
Хоёрдугаарт УОК-д аймгийн Онцгой комиссоос тавих санал байгаа. Энэ бол манай аймаг хойд хилийн аймаг. Хил дагаж ажил амьдралаа авч яваа олон арван хүмүүс ковидын улмаас бүх зүйл нь таг зогссон. Тиймээс эхний ээлжинд том машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэдээ хилээр оруулж гаргах бололцоо нөхцөлийг нь хангамаар байна” гэлээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан аймаг орон нутгийн хэмжээнд төр засгийн шийдвэрийг хөрсөндөө буулган уян хатан байдлаар хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн тэрээр цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа учраас улс эх орон, хүн ардынхаа эдийн засгийг сэргээх үүднээс Засгийн газар зөөлөн бодлого барьж ажиллаж байгаа. Аль болох хааж боохгүйг хичээж байна. Хүнд нөхцөлд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн. Багш сурагчдаас эхлээд өвдөж эрсдэл үүсч байгаа ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахгүй. Бид хүүхдүүдийнхээ хичээлийн хоцрогдлыг арилгаж, өөрсдийнхөө эдийн засгийг босгож, бүх нийтээрээ хариуцлагатай байж хамтын хүчээр энэ бүхний ард гарна. Цар тахалтай түрүүлж нүүр тулсан, даван гарч хамтдаа хичээн зүтгэж байгаа Сэлэнгэчүүддээ амжилт хүсье. Сэлэнгэ аймаг бол газар тариалангийн манай гол бааз суурь болсон аймаг. Энэ жил арвин ургац авч үүргээ сайн биелүүлээрэй. Бүгдээрээ хариуцлагатай байж цар тахлыг даван туулаарай” гэлээ.
Шадар сайд одоо Алтанбулаг боомтод ажиллаж байна.