СПОРТЫН МАСТЕР Т.РЭНЦЭНБАДАМ 1100 КМ ЗАМЫГ ГҮЙЖ ТУУЛАН СЭЛЭНГЭ АЙМАГТ ИРЛЭЭ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр замдаа гарч байсан бол өнөөдөр 46 дахь өдрөө аймгийн төв Сүхбаатар суманд ирлээ.
Түүнийг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хилийн цэргийн 0101-р анги, Хилийн цэргийн 0243-р анги, Сүхбаатар сум, Биеийн тамир спортын газрын албаны хүмүүс хүндэтгэл үзүүлэн хүлээн авч баяр хүргэлээ.
Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Алтанбулаг сумын 652 дугаар хилийн тэмдэгт хүртэл нийт 1,100 километр замыг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор төлөвлөжээ.