ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДАЛТЫН ХУВЬ ХЭМЖЭЭ, ХУГАЦААГ ТОГТООСОН БАЙДАЛД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хяналт, шалгалтын аян зохион байгуулах” тушаал, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг даатгуулагч /иргэн/-д тогтоосон байдалд хяналт, шалгалт хийгдэж эхэллээ.
Дээрх арга хэмжээ 8 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 10-ны хооронд улс орон даяар явагдаж байгаа юм.
Аяны хүрээнд нийт орон нутагт дотоодын хяналтыг цахим хэлбэрээр хийж, шалгуур үзүүлэлтийн дагуу түүвэрчлэн сонгож, эмнэлэг хөдөлмөрийн дахин болон хамтарсан магадлалыг зохион байгуулж байна.
Энэхүү хяналт, шалгалтын хүрээнд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын цахим мэдээллийн сангийн бүртгэлийг үндэслэн орон нутгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх 3 өвчний шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгосон нийт иргэдийг хяналт, шалгалтад хамруулна.
-Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон заалт өвчний ангилал хооронд 2 ба түүнээс дээш удаа өөрчлөгдсөн иргэд,
-Сүүлийн 3 жилд нийгмийн халамжийн сангаас нийгмийн даатгалын санд шилжин тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа иргэд,
-10 ба түүнээс дээш жил хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэд,
-Хөдөлмөрийн чадвар алдалтаа 90-100 хувиар тогтоолгосон ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэд,
-Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадвар алдалтаа үргэлжлүүлэн сунгуулж байгаа иргэд хяналт, шалгалтад 100 хувь хамрагдах юм байна.