АВСТРАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН НЭГДҮГЭЭР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДЭЙВ ПРЕСТОН СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Австрали улсын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон тэргүүтэй албаны хүмүүс Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Ноён Дэйв Престон тэргүүтэй төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан санал солилцлоо.
Албан уулзалтад МУ-ын ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн захирал Л.Энхтүвшин, Австралийн ЭСЯ-ны хөтөлбөрийн ажилтан Х.Өрнөх, Сэлэнгэ аймгийн талаас аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Болорзул нар байлцлаа.
Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ш.Оргил Сэлэнгэ аймгийн эдийн засаг нийгмийн давуу тал, онцлог, Сэлэнгэ аймаг "Гадаад харилцааг эдийн засагжуулах нь" хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагийн үр өгөөжийг танилцууллаа.
Элчин сайдын нэгдүгээр орлогч Дэйв Престон Австрали-Монгол хоёр улсын дипломат харилцааны хүрээнд хамгийн амжилттай хэрэгжиж буй хөтөлбөр бол “Австралийн тэтгэлэгт хөтөлбөр” болохыг онцлон тэмдэглээд, 1990 оноос хойш хэрэгжиж буй энэ хөтөлбөрт Монгол Улсын 600 гаруй иргэд хамрагдан салбарт бүртээ нэр төртэй ажиллаж байгааг цохон тэмэгдэглэлээ.
Аймгийн Засаг даргын мэдээлэлд тулгуурлан уламжлалт боловсрол, эрүүл мэндийн салбараас гадна хөдөө аж ахуйн салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн. Учир нь ноён Дэйв Престон хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн гэдгээ хэлж байсан юм.
Аймгийн Засаг дарга Ш.Оргил-Цар тахлын эрсдлийн улмаас улс орны хэмжээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, салбар бүрийн хийж бүтээж байгаа хүмүүст маань маш их эрсдэл үүсээд байгаа. Эргээд сэргэхэд цаг хугацаа хөрөнгө мөнгө гээд олон хүчин зүйлс нөлөөлж байна. Сэлэнгэ аймаг үр тариа, төмс хүнсний ногоогоор улс эх орноо хангах үүргийг нуруун дээрээ үүрч явдаг аймгийн хувьд жимс жимсгэнэ тариалалтыг нэмэгдүүлж ажиллахыг бас зорьж байгаагаа илэрхийллээ.
Австрали улс нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжлөөрөө өөрийн гэсэн туршлагатай улс учир энэ салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг Элчин сайдын нэгдүгээр орлогч хэллээ.
Мөн Австрали улсын тэтгэлэгт хөтөлбөр нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр бөгөөд бусад улс оронд боловсролыг түгээх чиглэлээр Австрали улс онцгой байр суурьтай ажилладаг болохыг онцолсон.
Дэйв Престон болон албаны хүмүүс төрийн албан хаагчид, багш, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг танилцууллаа. Тус хөтөлбөрт амжилттай хамрагдаж магистрын зэргээ хамгаалаад ирсэн Сэлэнгэ аймгийн иргэн н.Лхагвасүрэн өөрийн суралцсан туршлагаасаа танилцууллаа.
Австралийн тэтгэлэгт хөтөлбөр гэж юу вэ?:
МУ-д 1993 оноос хойш амжилттай хэрэгжиж энэ хугацаанд 600 гаруй монгол иргэнийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын түвшинд тус улсын санхүүжилтээр сургажээ. Дээрх 600 гаруй иргэдийн 20 гаруй нь хөдөө орон нутгаас шалгарч байсан бөгөөд хоёр нь Сэлэнгэ аймгийн иргэд байсан байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг жил бүрийн 2 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 30-ны хооронд хүлээн авч тухайн жилийн суралцагчаа баталгаажуулдаг ажээ. 2021 оны тухайд 11 суралцагч сонгон шалгаруулалтад тэнцсэний нэг нь орон нутгийн суралцагч байсан талаар танилцуулав.
Энэ удаагийн орон нутагт ажилласан гол зорилго нь 2022 оны шинэ элсэлт эхлэхээс өмнө орон нутагт дахь “Австралийн тэтгэлэгээр 100 хувь сурч, өөрчлөлт хийх боломжийн талаар” танилцуулах байлаа.
Та бүхэн Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.australiaawardsmongolia.org цахим хуудаснаас авч болно.