БНЭУ-ЫН ЭЛЧИН САЙД М.П.СИНГХ МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын урилгаар БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх манай аймагт албан айлчлал хийж байна. Ноён Элчин сайд өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил болон албаны хүмүүстэй уулзаж Сэлэнгэ аймагтай хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцон харилцан ярилцлаа.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хөдөө аж ахуйн салбар тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмж, арга туршлагаас судалж суралцах, оюутан залуус, салбар салбарын мэргэжилтнүүдийг сурч боловсрох, мэдлэгээ сайжруулахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Элчин сайд М.П.Сингх Сэлэнгэ аймагтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой гээд тэр тусмаа сүүний үйлдвэрлэл, багш, төрийн албан хаагчид, зарим хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах чиглэлд хамтран ажиллах боломжтой гэлээ. Энэтхэг улс сүүний хомсдолд орж байсан цаг бий. Энэ чиглэлийн үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлснээр өнөөдөр сүү үйлдвэрлэлээр дэлхийн зах зээлд тэргүүлэх хэмжээнд хүрээд байгаа. Манай улсын өрхийн аж ахуйг хөгжүүлж яваа туршлагаас судалж, нэвтрүүлэн ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжийн тал дээр хамтарч ажиллаж болно. Мөн манай улс мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэн сургах тал дээр өндөр туршлагатай. Сэлэнгэ аймагтай хөдөө аж ахуй, соёл урлаг, мэдээллийн технелоги, иргэдээ сурган дадлагажуулж сурч хөгжих гээд бүхий л салбарт хамтран ажиллах боломжтой гэлээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Элчин сайдыг өөрийн биеэр Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, хамтын ажиллагаа үр дүнтэй болж, олон хүмүүс үр өгөөжийг нь хүртэхийг хүсч байна гэлээ.