АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар Баянгол суманд ковидын тасаг нээж орон нутгийн иргэдийг эмчлэх асуудлыг хэлэлцэж, тасгийг нээж ажилуулахаар шийдвэрлэлээ. Аймгийн ЭМГ-т Баянгол суманд нээгдэж байгаа тасгийн эмч мэргэжилтэн ажилчдыг тогтмол мэдээлэл арга зүйгээр хангаж, байнгын харилцаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо. Сүхбаатар суманд ковидын тасаг шинээр нээх асуудал мөн яригдаж байр савны асуудлыг тодорхой болгохыг суманд үүрэг болголоо.
Мөн ХМХА-ны эцсийн ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудлыг хэлэлцлээ. Улсын хилээр орж ирж байгаа автомашин бүрт тус албаныхан эцсийн ариутгалыг хийж, жолооч нэг бүрээс түргэвчилсэн тест аван “сөрөг” хариу гарсан тохиолдолд толгой солих хэсэгрүү шилжүүлэн ажилладаг. Ингэж ариутгагдаад гараад ирсэн машинд толгой сольж ачаа авах хэсэгт давхар ариутгал хийгдэж байгаа нь тухайн жолооч, аж ахуй нэгжид хүндрэл учруулж байгаа асуудал байсаар байгааг АОК-ын дарга газар дээр нь үзэж танилцсан. Энэ асуудлыг Шадар сайдыг Алтанбулаг боомтод ажиллах үеэр ч мөн танилцуулсан юм. Иймээс эцсийн ариутгал халдваргүйжүүлэлтийг ХМХА-ны мэргэжлийн хүмүүс хилээр орж ирэнгүүт нь хийж чиг үүргийнхээ дагуу ажлаа гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ. Давхардал үүсгээд байгаа талаарх бодит нөхцөл байдлыг УОК-т албан тоотоор хүргүүлэхээр боллоо.
Халдварын эрсдэл буурахгүй байгаа энэ цаг үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нэн хүнд, хүнд хэлбэрийн хүмүүсийн эмчилгээнд хамгийн их шаардлагатай зүйл дуслын шахуурга болоод байгааг танилцуулж энэ асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн Сүхбаатар сумын 2 өрхийн эмнэлэгт тус бүр 1 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг шийдвэрлэлээ.
Хурлын төгсгөлд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: “Хүн бүр хариуцсан хариуцсан ажилдаа эзэн байж, бүх шатны удирдлагууд аль болох ажилчдаа хайрлаж, боловсон хүчний дутагдалд орохгүй ажиллахад анхаараарай” гэв.