“ХӨДӨӨ АЖ АХУЙН МЕНЕЖМЕНТ, ЭКОСИСТЕМИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” (СТРИЙМ) ТӨСӨЛ СЭЛЭНГЭ АЙМАГТ 2024 ОН ХҮРТЭЛ ХЭРЭГЖИНЭ

Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд эрхэмсэг хатагтай Аксель Никэйз, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Дэд сайд Ноён Ц.Батбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Ёорн Розенберг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Суурин төлөөлөгч Даниел Пассон, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч ВинодАхужа, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны төлөөлөгчид, Каритас Чех Репаблик байгууллагын суурийн төлөөлөгч болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал нарын хамтаар Сэлэнгэ аймагт албан айлчлал хийж байна.

Тус айлчлалаар “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (СТРИЙМ) төслийг албан ёсоор эхлүүлж байна. СТРИЙМ төсөл нь “Монгол Улсад хүнсний тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинэлэг, тогтвортой, ландшафтын түвшний менежментийг хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилготойгоор Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал сумд; Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Өмнөдэлгэр сумдад 2021 оноос 2024 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар хэрэгжих юм.

“СТРИЙМ” төслийг Европын холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

Сэлэнгэ аймагт хийсэн албан уулзалтын үеэр оролцогч харгалзах байгууллагын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, уялдаа холбоо, цаашдын хамтын ажиллагааны талаар нягт хэлэлцлээ. Түүнчлэн, айлчлалын үеэр орон нутгийн удирдлагуудын зүгээс “СТРИЙМ” төслийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.