СЭЛЭНГЭЧҮҮД СҮҮЛИЙН 11 ЖИЛД 1,2 САЯ ШИРХЭГ МОД БУТ, СӨӨГ ОЙН САНГИЙН ОЙЖУУЛАЛТАД 38 САЯ ШИРХЭГ МОД ТАРИАД БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 2030 он хүртэл “Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн” орон даяар өрнөж байна.
2021 оны 10 дугаар сарын 15-ны энэ өдөр аймгийн хэмжээнд “Тэрбум мод тарих” хөдөлгөөний нээлт албан ёсоор болж аймгийн төвийн төр төсвийн болон орон нутгийн 40 гаруй байгууллагын 400 орчим ажилтан, албан хаагчид “Тужийн нарсны байгалийн цогцолборт газар”-ын 1 га талбайд 2200 ширхэг 2 наст нарсны тарьцыг суулгаж хувь нэмрээ орууллаа.
2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-тэй болж байсан. Үүнээс хойших 11 жилийн хугацаанд Сэлэнгэ аймаг төв суурин болон ногоон байгууламжид 1,2 сая ширхэг мод бут, сөөг, ойн сангийн 12970 га талбайд ойжуулалтын ажил хийж 38 сая ширхэг мод тариад байна. Энэ хугацаанд “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөн, “Нэг иргэн-Нэг мод”, “Ойжуулалт, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэх”, “Өрх бүр хашаандаа 2 ширхэг мод тарих” аянуудыг амжилттай зохион байгуулж ажилласан юм.
Нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа “Сэлэнгэ аймгаас төрөн гарсан Б.Жамсран, О.Алтанцэцэг, Д.Нэргүй зэрэг ойн ГАВЬЯАТ ажилтнуудаараа бахархаж байгаагаан илэрхийлээд, та бүхний тарьсан мод бүхэн арвай буудай шигээ ургах болтугай” гэсэн ерөөлийг өргөлөө.
“Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-д Сэлэнгэ аймаг нэгдэж 2030 он гэхэд 30 сая ширхэг мод тарьж ургуулах зорилтыг тавиад байна.