ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРЛОО

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд бүтээн байгуулалтын ажил өрнөсөөр байна. Тодруулбал тус сумын “Баянхан” 4-р багт байрлах Лаборатори 4-р сургуулийн биеийн тамирын талбайд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Олон улсын стандартын шаардлага хангасан 30х18 харьцаатай сагсан бөмбөгийн талбай ашиглалтанд орлоо. Энэхүү талбай бий болсноор биеийн тамирын хичээлийн үр дүн, үзүүлэх нөлөө сайжирна хэмээн тус сургуулийн захирал Н.Энхтөр хэллээ. Тус талбай нь зөвхөн 4-р сургуульд бус 4-р багийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа хөгжүүлэх гол талбар болж байгаа аж. Мөн тус сургуулийн гадна 1100м2 талбайд асфальт бетон хучилт бүхий 2 эгнээ авто зам, 30 авто машины зогсоол тус тус ашиглалтад оржээ. 50 сая төгрөгийн өртөгтэйгээр аймгийн Засаг даргын хөрөнгө оруулалтаар бий болж буй уг бүтээн байгуулалт нь тус сургуулийн 30 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа том ажил. Сургуулийн гадаад орчин өнгө төрхөө сайжруулж, орчин нөхцөлөө сайжруулсан нь багш, ажилчид, сурагчдад сурч, ажиллах таатай боломжийг олгож байгаа юм.