ЗУЛ БИЧИГ
НАДМИДЫН ЭНЭБИШ
/1940-2021/
Сэлэнгэ аймгийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, аймгийн Ажил олгогч эздийн холбооны Тэргүүн Цорос овогт Надмидын Энэбиш 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир таалал төгсөж хань, үр хүүхэд, хамтран ажиллагсдад нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрбээр 1940 онд Архангай аймгийн Өлзийт суманд төрж, 1959-1964 онд хуучнаар ЗХУ-ын Киев хотын Украйны хөдөө аж ахуйн академийг Хөдөө аж ахуйн инженер-механикч мэргэжлээр дүүргэж, улмаар ажил хөдөлмөрийн гараагаа 1964-1968 онд Булган аймгийн ХААГ-ын Ерөнхий инженерээр ажиллан эхлүүлж байв.
Талийгаач 1968-1971 онд Булган аймгийн АДХГЗ-ны Хөдөө аж ахуйн хэлтсийн инженер, хэлтсийн даргаар амжилт бүтээл дүүрэн ажиллаж 1971-1973 онд Намын дээд сургуульд суралцан төгсөж МАХН-ын Төв хорооны шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэрийн ТАА-н даргаар томилогдон 1973-1977 онд тус ТАА-н даргаар ажиллахдаа 16 айлын орон сууц, уурын зуух, цахилгаан станц, 50 трактор засварын газар, 10 машины авто граж, цэвэрлэх байгууламжийг барьж байгуулан, жил бүрийн байгалийн хадлан бэлтгэх болон ургац хураалтын төлөвлөгөөг давуулан биелүүлж, махны чиглэлийн Лимузин үхрийн үүлдэрийг Монгол нутагт анх удаа үржүүлж эдийн засгийн асар өндөр ашигтай болохыг харуулан ажиллаж байлаа.
Надмидын Энэбиш АДХГЗ-ны хэлтсийн даргаар 15 жил ажилласан төрийн ахмад ажилтан байлаа. Түүний санал санаачилгаар 1987 онд асаргаа шаардсан хүмүүст үйлчлэх асрамжийн газар, 1988 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрийн цех бий болж байв.
Талийгаач 1990 оноос хойш шинэ тутам хөгжиж эхэлсэн хувийн хэвшлийн аж ахуйг залан удирдах, тэдэнд эрх зүйн тусламж үзүүлэх, бизнесийн үйл ажиллагааг нь чиглүүлэх сургалт, сурталчилгааг идэвхжүүлэн улс, олон улсын хооронд зуучлах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж ирсэн юм. Түүний 30 гаруй жил удирдсан Сэлэнгэ аймгийн Ажил олгогч эздийн холбоо нь гадаад, дотоодын олон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, олон зуун жижиг дунд бизнес эрхлэгчид, айл өрхийг хамарч талх барих, эсгий урлал үйлдвэрлэх, зөгий үржүүлэх, сүү цагаан идээ боловсруулах, төмс, хүнсний ногооны зоорь бэлтгэх, үйлдвэрлэх зэрэг олон үйлдвэрлэлийн салбарууд бий болж хөл дээрээ бат зогсож чадсан юм.
Надмидын Энэбиш Монгол Улсын Хөдөө аж ахуйн хөгжлийн тулах цэг болсон гол бүс нутгуудад төрийн захиас даалгавраар ажиллаж, улсынхаа эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан төдийгүй Монгол улсын зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 гаруй жилд шинэ тутам салбарыг үүсгэн хөгжүүлж, байр сууриа бататгахад нь бүхий л чадвараа дайчлан ажилласан шилдэг удирдагч байсан юм.
Түүний улс орныхоо хөгжлийн төлөө 56 жил тасралтгүй ажилласан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Их Монгол улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90, Атар газар эзэмшсэний 20, 30, 40, 50, 60 жилийн ойн медалиуд, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан”, “Хөдөлмөр нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдгүүдээр шагнажээ.
Сэлэнгэ аймгийн төрийн захиргааны байгууллагын ахмад ажилтан, төр, нийгмийн зүтгэлтэн, аймгийн Ажил олгогч эздийн холбооны Тэргүүн Н.Энэбишийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, түүний хань, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд нь гүнээ эмгэнэл илэрхийлье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР