Бугант тосгоны захирагч Д.ЭРДЭНЭБУЛГАН: ОРОН НУТГИЙНХАА ИРГЭДИЙН УРМЫН ҮГЭЭР ТЭТГЭГДЭЖ, НУТАГ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮРХ, ОЮУН УХААНАА ЗОРИУЛАН СЭТГЭЛ ШУУДАН ЗАЛУУ ХҮНИЙ ЭРЧ ХҮЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны захирагч Д.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай нутгаар сонин юутай байна. Одоо ч өвөлжилтийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Цаг үеийн ажил үйлсээсээ сонирхуулаач?

-Налгар намрын мэнд хүргэе. Тавтай сайхан намаржиж байна уу. Өвөлжилтийн бэлтгэл ажил өрнөөд дуусах шатандаа орж байна. Аймаг, сумын Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл хангах захирамж гарсантай холбогдуулан Тосгоны хэмжээнд бэлтгэл байдлыг хангуулан ажиллаж байна.  Ерөө сумын Бугант тосгоны хэмжээнд нийт малчин өрх 85, мал бүхий өрх 98 нийт 183 өрх байдаг. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 11941 толгой мал тоологдсон. 120 гаруй малчин болон мал, бүхий иргэнтэй хадлангийн гэрээ байгуулсан. Эдгээр иргэд маань 1058.5 га талбайгаас 4234 тонн хадлан бэлдээд байна. Сэлэнгэ аймаг өөрөө эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг. Иймээс ХХААХҮЯ-ны харъяа Малын Удмын сангийн үндэсний төвийн төлөвлөлт хариуцсан эдийн засагч Д.Ундралыг урьж нийт малчдаа хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар нийт малчдад эрчимжсэн мал аж ахуй, малын эдийн засгийн үр өгөөж, малын ашиг шим, малыг хэрхэн сайжруулах тухай. Мөн таван хошуу малын үүлдэр, омог, хөврөл шүлжүүлэн суулгах тухай маш чухал сэдвүүдээр мэдлэг өгсөн байгаа. Яг одоо цаг үеийн ажил үйлс гэвэл энэ жил байгалийн дагалт баялаг буюу самар бага хэмжээгээр ургасан. Бид БОАЖЯ-ны сайдын тушаал, сумын ИТХ-ын тогтоол, сумын Засаг даргын захирамжийн дагуу иргэн аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ хийж эрхийн бичиг олгон, хяналт тавин ажиллаж байна. Мөн Аймгийн ОБГ, Ерөө бүсийн Цагдаагийн хэсэг, Ерөө бүсийн сум дундын Ойн Анги, Байгаль орчины хамтарсан хяналтын постийг хоёр чиглэлд гаргасан. Хэдийгээр цар тахалтай хэцүү цаг үе байгаа ч дэглэм журмаа баримтлан иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад чирэгдэл учруулахгүй ажиллахыг бид хичээж байна. Намрын налгар өдрүүдтэй зэрэгцэн аймаг, сумын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг хүлээн авах аймгийн комисс ирж хамтран ажиллалаа. Манай тосгонд аймгийн хөрөнгө оруулалтаар 2-р цэцэрлэгийн хуучин барилгын их засварын ажил, Сумын хөрөнгө оруулалтаар тосгон доторх зам засварын ажлууд хийгдсэн. Бид үүнийг хүлээж аваад байна. Тосгоны төвөөс булгийн даваа хүртэл 27 км төв замын засварын ажлыг орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн Баянгол сангийн дэмжлэгээр өөрсдийн хүн, хүч, техник, хэрэгсэл гарган хийж гүйцэтгэн одоо 90 хувьтай явж байна. За хамгийн том нэг ажил бол Тосгоны ганц өнгө үзэмж болж байдаг, нийтийн орон сууцны дээврийн засварын ажил байгаа. Энд 5 удаа цахимаар тендер зарласан. Барилгын материалын үнэ нэмэгдсэн, мөн ажилчдын цалин зэрэг асуудлаас үүдэн оролцогч байхгүй жаахан хүндрэл үүсээд байгаа. Одоо  цаг хугацаа ч хэцүү хүйтэн сэрүүн болж байна. Ирэх 7 хоногт сүүлийн тендер нээгдэх байх. Тэрийг нэг хараад оролцогч байхгүй бол дараа жил өөр аргаар л хийх бодолтой байгаа.     

-Дэлхий нийтийг цочроосон цар тахал хүндрэл учруулж байгаа ч төрийн ажил үйлчилгээ тасралтгүй урагш явж байна. Танай тосгонд халдварын тохиолдол нэг хэсэг нэлээд өндөр бүртгэгдэж байсан. Энэ чиглэлд дорвитой ямар арга хэмжээ авч ажиллав.  Иргэдийнхээ амьжиргаа, ажил үйлсийг тасалдуулахгүйн төлөө хэр анхаарав.  Мэдээж улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд ажиллаж байгаа ч гэсэн орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж буй зүйл байгаа л болов уу?

-Хүндрэл бэрхшээл бол маш их байсан. Мэдээж Улсын болон Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлж сум, тосгоны онцгой комиссын хамтын шийдвэрийг гарган орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж байна. Цар тахалын хүнд хэцүү цагт орон нутгийн Онцгой комиссын гишүүд, төр төсвийн байгууллага /Цагдаагийн хэсэг, Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, ИТХ-ын төлөөлөгчид/ Захирагчийн албаны Төрийн албан хаагч нар хамтран 24 цагаар, 3-4 чиглэлд хяналтын пост гарган ажиллаж байгаа. Тусгаарлалтанд байгаа иргэдэд хяналт тавих  баг байгуулсан. Мөн голомттой бүсээс ирж байгаа иргэдийг хүлээн авч бүртгэл судалгаа хийж, гэрийн ажиглалтанд шилжүүлэн ажиллах баг гээд олон арга хэмжээ зохион байгуулж байна. Түүнчлэн онцгой комиссын хурлаар Сумын засаг даргын нөөц хөрөнгөөр Тосгоны ЭМТ-д дөрвөн сая гаруй төгрөгийн өртөгтэй Haier брэндийн HBC80 хөргүүр, тог тогтворжуулагчийн хамт авч өглөө. Мөн аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг, хандив тусламжаар түргэвчилсэн оношлуур, амны хаалт, гар ариутгагч, халуун хэмжигч, хамгаалалтын хувцас, ариутгалын бодис зэрэг олон асуудлыг шийдсэн. Хөрөнгө оруулалтын мэдээнд оруулсан бас нэг чухал асуудал бол хөдөө орон нутагт эрүүл мэндийн чиглэлээр төгссөн мэргэжлийн хүн дутмаг, мэргэжлийн хүн ирж ажиллах нөхцөл боломжоор хангах зорилгоор эрүүл мэндийн төвийн дэргэд хоёр айлын орон сууц барих асуудлыг шийдвэрлэсэн. Одоо удахгүй ажил нь эхлэх гэж байна. Халдварын тохиолдол нэг хэсэг маш их гарсан. Түүний гол шалтгаан бол Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдээр аймаг орон нутгийн замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой орон нутагт ковидын нөхцөл маш хүнд болж ирсэн. Өдөрт 10-аас дээш хүн ковид тус ч байсан. Харин түргэвчилсэн оношлуураар илрүүлж, хөнгөн өвдсөн иргэдийг гэрээр эмчилж эхэлсэн. Энэ нь хэдийгээр орон нутгийн ЭМТ-д ачаалал их байсан ч цаг наргүй тээвэрлэн зөөдөг ажлыг багасгаж чирэгдэл үүсэхгүй болсон нь үр дүнгээ өгсөн. Мөн Онцгой комиссын гишүүдийн хурлаар архи согтуурууах ундааг 14 хоногийн хугацаанд худалдан борлуулахыг хориглох тухай захирамж гарсан. Энэ хугацаанд онцгой комиссын гишүүд цагдаагийн байгууллагатайгаа хамтран нэмэлтээр оройн цагаар эргүүл жижүүрийн хуваарийг гарган иргэдийн хөдөлгөөнд хяналт тавин ажилласан нь маш их үр дүнгээ өгсөн. Ер нь иргэн бүр өөрсдийгөө хамгаалж, хариуцлагатай байх нь чухал юм байна гэдгийн маш сайн ойлгож авлаа. Хамтдаа байж цар тахалын хүнд цаг хугацааг даван дуулна гэж бодож байна.  

-Танай тосгон аймгийн төвөөс алслагдсан. Мөн олон хүн амтай гээд сумын статусаар хөгжих асуудал нэлээд яригдсан. Энэ маань юу болж байгаа вэ?

-Манай Бугант тосгон 2020 оны жилийн эцсийн байдлаар 3196 хүн бүртгэгдсэн. Аймгийн төвөөсөө 168 км, сумын төвөөсөө 75 км алслагдсан байдаг ч Төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэн ажилладаг. Манай Тосгонд төр, төсвийн Захирагчийн алба, сургууль, цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн хэсэг, ЭМТ, Ерөө бүсийн сум дундын ойн анги зэрэг байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Тосгонд Мод бэлтгэлийн улсын үйлдвэр, Монголросцветмент нэгдлийн Зөвлөлт Монголын хамтарсан “Толгойтын алтны үйлвэр”-ийг түшиглэн ирсэн түүхтэй алтны болон модны жижиг үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эцсийн бүтгээгдэхүүн үйлдвэрлэн орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна. Бугант тосгоны сум болох хэрэгцээ шаардлагын хамгийн гол асуудлын нэг нь иргэдийн төрийн үйлчилгээний зарим асуудал, төсвийн асуудлыг сумын төврүү явж шийдүүлдэг. Мөн төсвийн асуудлын хүн амд нь биш 3 багаар нь хувааж байгаа нь өнөөдрийн маш хүнд маш олон жил яригдаж байгаа асуудлын нэг байгаа. 2017 онд би тосгоны захирагчаар сонгогдон хамгийн эхэнд энэ ажлыг хүлээн авсан тухайн үеийн Багийн Иргэдийн Нийтийн хурлаас Сум болох асуудлыг судлан холбогдох газруудад уламжлах, ажлын хэсэг байгуулан ажиллах чиглэл өгч, БИНХурлын Тогтоол гарсан. Үүнтэй холбоотой хамгийн эхэнд  “Тосгоны нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлын үнэлгээ, бие даан хөгжих боломж” гэсэн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Тус судалгааны ажлын үр дүн нь нийгэм эдийн засаг, дэд бүтэц, газар нутгийн байршил, хүн амын сууршил, хөгжлийн түвшин, хүчин чадал нь цаашид сумын статустай болох бүрэн боломжтой гэж гарсан. Дээрх судалгааны ажлыг үндэслэн Монгол Улсын засаг захиаргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирадлагын тухай хуулийн дагуу Ерөө сумын ИТХ, Сумын Засаг дарга, тус сумын 1, 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд дэмжиж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг дэмжиж Аймгийн Засаг дарга, Аймгийн ИТХ-д уламжилж улмаар бүгд дэмжин Монгол Улсын ЗГХЭГ-т 2019 онд хүргүүлсэн. Үүнтэй холбоотой Монгол Улсын ЗГХЭГ-аас Монгол Улсын бүх Тосгодуудыг хамруулсан “тулгамдсан” асуудал сэдэвт хэлэлцүүлэгийг манай аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд зохион байгуулсан. Мөн аймгийн ЗДТГ-аас тус аймгийн 6 тосгоныг оролцуулсан “Тосгодын өнөөгийн байдал, тулгамдсан” асуудал хэлэлцүүлгийг манай тосгонд зохин байгуулж гарсан шийвэр, саналуудыг холбогдох дээд байгууллагуудад уламжилж ажилласан. Өнөөдрийн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг Захиаргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын өөрчлөлтөд Хот, Тосгоны тухай асуудлууд орж батлагдсан байх гэж бодож байна. Энэ намрын чуулганы хуралд Шинэчлэн найруулсан  Хот, Тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл орох гэж байна гэж сонссон. Хэрэв батлагдвал цаашид манай тосгоны иргэдийн олон жилийн мөрөөдөл болох бие даасан байдал илүү хөгжиж, жинхэнэ тосгоны статустай болох байх гэдэгт итгэж найдаж байна. 

-Таны хувьд энэ тосгоны захирагчаар дахин сонгогдон ажиллаж байгаа туршлагатай хүн. Бас аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Ер нь тойрогтоо, иргэдийнхээ төлөө ямар бодит ажлыг хийж хэрэгжүүлж байна. Амлах нэг хэрэг. Хэрэгжүүлэх л хамгаас чухал болов уу?

-Орон нутгийн иргэдийн итгэлийг дааж явна гэдэг нь өөрөө хамгийн том хариуцлага. Би 2008 онд анх удаа Сумын ИТХ-д нэр дэвшиж, иргэдийнхээ итгэлийг дааж сумын хурлын төлөөлөгч болж байсан. Үүнээс хойш сумын ИТХ-д 3 удаа сонгогдсож, 2017 онд Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны Захирагчаар сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. 2020 оны Орон нутгийн сонгууль аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшин сонгогдсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тосгондоо аймгийн хөрөнгө оруулалтаар 2-р цэцэрлэгийн хуучин байрны их засвар, Ундны усны эх үүсвэрүүдийг хашиж хамгаалах, гол шугамыг засварлах нийт 127 сая төгрөгийн төсөвтэй хоёр ажлыг аймгийн ИТХ-д оруулж батлуулсан. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн их засварын ажил нь 100 хувь гүйцэтгэлтэй, цэвэр усны шугамын ажил 90 хувь гүйцэтгэлтэй явж байна. Иргэдийнхээ ая тухтай орчинг бүрдүүлэх чиглэлээр илүү хичээн ажиллаж байгаа гэж бодож байна. Тухайлбал гудамж талбайн гэрэлтүүлэг, соёлын төв, цэвэрлэх байгууламж, тоглоомын талбай, амралт зугаалгын орчин, авто зам, явган хүний зам гэх мэт хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна. 2021 оны хувьд  аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 997.873.600 төгрөгийн ажил арга хэмжээ батлагдсан. Тухайлбал Тосгоны замын асуудал хүнд байдаг. Иймээс автогрейдер худалдан авах, Бугант тосгоны төв доторх зам засварын ажил хийнэ. Манай Тосгонд хяналт шалгалт болон байгалийн давагдашгүй хүчин зүйл их гардаг. Иймээс туулах чадвартай “Зил 131” авто машин, явуулын хяналтын вагончик худалдан авах ажил нэн чухал хэрэгцээтэй байгаа. Ерөө сумын төвөөс Бугант тосгоны Баянголын гүүр хүртэлх авто замын зураг төсвийн ажлыг 50 сая төгрөгийн өртөгтэйгээр хийж гүйцэтгэнэ. 2020 онд шинэ соёлын төв ашиглалтанд орсонтой холбоотой Соёлын яаманд хүсэлт гаргаж, үзэгчийн суудал, номын сангийн тавиур, номын сангийн уншигчийн ширээ, сандал, албаны ширээ, сандал зэрэг хөрөнгө оруулалтын дэмжлэг авсан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ны Баянгол санд 2020 онд хүсэлт гаргаж Соёлын төвийн гадна хашаа, Тосгоны Гэрэлт гудамжний гэрэлтүүлгийн засвар, Бугант 2-р цэцэрлэгийн хуучин байрны хүүхдүүдийн нойлын өрөөнд суултуур хийх ажлуудыг гүйцэтгүүлсэн. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жинжий майнинг” ХХК зам засварлах зориулалтай замын индүү хүлээлгэж өглөө. Бугант тосгоноос Булгийн даваа хүртэл 27 км зам засварлах ажилд “Болд төмөр Ерөө гол ХХК-ийн Баянгол сангаас Ерөө сумын ИТХ, Сумын Засаг дарга нарын дэмжлэгтэйгаар 54 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Манай тосгонд уул уухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 аж ахуйн нэгж байгууллага тус бүр 3 км замд хайрга буулгаж өгч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж замын ажлыг хийж байна. Тосгонд маань бүтээлч ажил их өрнөж байна. Бугант тосгоны иргэн Т.Сурандаа, Б.Сансар нар өөрсдийн хөрөнгөөр 20 гаруй сая төгрөгийн өртөгтэй “Бугант” гүүрний хажууд “I Love Bugant” самбар байрлуулж, хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газрыг тохижуулан бүтээн байгуулалт хийж хүлээлгэн өглөө. Түүнчлэн Бугант тосгонд мод бэлтгэл, ойжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран Тосгоны ЭМТ-д 21 сая төгрөгийн өртөгтэй лабораторийн тоног төхөөрөмж, урвалж оношлуурын хамт хүлээлгэн өгсөн. Мөн аймгийн ЗДТГ-аас хүчил төрөгчийн өтгөрүүлэгч, Бугант тосгоны иргэн Орон нутгийн иргэдийн дунд хандивын аян зохион байгуулж, “УВЧ” шарлагын аппарат авч өгсөн гээд ЭМТ-ийн үйл ажиллагаагаа дэмжсэн, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлууд хийгдсэн байгаа.

-Өөрийг тань иргэддээ их ойр, бас хүнээ иргэдээ эрхэмлэж явдаг удирдлагуудын нэг гэж сонссон. Ийм ч учраас хүмүүс итгэл даах чадвартай гэж дахин сонгож, итгэл хүлээлгэсэн байх. Улс орны тэр дундаа тосгоны ирээдүйн хөгжлийн төлөө сэтгэлээ чилээж явдаг гол санаагаа хуваалцаач?

-Бугант тосгоны ирээдүйн хөгжил бол цаашид бие даасан байдлыг нэмэгдүүлэх тэр дундаа одоо УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдвал, Хот Тосгоны тусгамдсан асуудлыг шийдвэрлэж албан ёсоор бие даасан Тосгоны статустай болох нь чухал гэж бодож өнөөдрийг хүртэл санаагаа чилээн явж байна, Энэ нь ганц би ч биш урьд урьдын бүхий л удирдлага, тосгоны нийт иргэдийн хүсэн хүлээсэн асуудал байгаа. Бас хамгийн гол асуудал бол иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нь хамгийн чухал гэж боддог. Ингэж байж энэ орон нутаг оршин тогтнох, улс эх орны хөгжлийн асуудал яригдах байх л даа. Мөн орон нутагт тусгай мэргэжлийн чадварлаг боловсон хүчин маш их хэрэгтэй байна. Үүнд нэн түрүүнд эрүүл мэндийн мэргэжлийн ажилтан, эмч, сувилагч яг хүнд хэцүү үед маш том асуудал байдаг юм байна гэдийг энэ цаг үед ойлголоо. Улс эх орон маань дээрээсээ биш доороосоо хөгжлийг хэрэгжүүлвэл хөдөө орон нутагт ажиллах амьдрах хүсэл сонирхолтой хүмүүс их болох болов уу. Үүнээс гадна хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асуудлууд нэлээд тулгамдсан асуудлууд болж байна. Тодруулбал сумын төвөөс Бугант тосгон хүртлэх авто замын асуудал, тосгон доторх нийтийн орон сууцнуудын цэвэр, бохир, дулааны нэгдсэн магстрал шугамын их засвар, нэгдсэн уурын зуух, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх Спорт заал, ЕБС-ийн барилга гээд тулгамдсан асуудлууд байгаа.     

-Залуу хүн эрч хүчтэй, хурдан шаламгай, дайчин ч гэдэг юм уу. Урд ургасан чихнээс хойно гарсан эвэр гэдэг утгаар хандаж залууст итгэл нэлээд хүлээлгэсэн байх. Гэтэл итгэж сонгосон залуус нэг л иргэдийнхээ сэтгэлд хүрэхгүй, хуурах, цалгардуулах, хэт цаасан дээр үлгэрийн юм бодож төсөөлж байна гэх шүүмжлэл дагуулж байгаа. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай явдаг вэ?

-Залуучууд бүгд ийм биш гэж боддог. Яг энэ тал дээр санал нийлэхгүй байна. Зөв бодолтой, мэдлэг, боловсролтой, сэтгэлтэй, санаачлагатай залуучуудыг зөв залаад удирдаад аваад явах юм бол хамгийн том хүч гэж боддог. Энэ хүмүүс л цаашид Монгол Улсын болон хөдөө орон нутгийн ирээдүйг авч явна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр итгээд сонгосон залуус нь сэтгэлд хүрэхгүй, хуурах, цалгардуулах, хэт цаасан дээр үлгэрийн юм бодож төсөөлж байгаа асуудал бол бага зэрэг байгаа байгаа. Залуучуудын нийгмийн идэвхи оролцоо жаахан сул, санаачлага бага, юмнаас хойш суух гэсэн байдал бол маш их анзаарагддаг. Энэ маань цаг үе, нийгэм, бүх зүйл цахим болж хүний оролцоогүй асуудлаа шийдвэрлэж, мэдээлэл авч амьд харилцаа үүсэхгүй байгаатай холбоотой болов уу гэж хардаг.                         

-Ер нь ажиглаад байхад аливаа ажлыг багаас нь эхлүүлж, шат дамжин дээшээ явж байгаа хүн нэлээд үр дүнтэй, зөв бодлого гаргаж байх шиг. Өөрөөр хэлбэл амьдрал дундаас удирдах түвшинд хүрэхийг хэллээ. Та бол ийм хүний нэг. Өөрийн тань баримталдаг гол зарчим, бас зайлсхийж явдаг зүйл тань юу вэ?

-За маш их баярлалаа. Би 2006 онд анх Бугант тосгоныхоо Захирагчийн албанд Байгаль хамгаалагчаар ажилд орж байсан. 2007 онд Ерөө сумын Ойн ангийн дарга, 2013-2016 онд Сэлэнгэ аймгийн БОАЖГ-т мэргэжилтэн хийж байгаад 2017 оноос тус тосгоны захирагчаар сонгогдон ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл төрийн ажлыг доод шатнаас нь эхлээд явж байгаа гэж хэлж болно.  Миний баримталдаг зарчим гэвэл шударга, нээлттэй ил тод аливаад нэг зангаараа байх. Иргэдийнхээ дунд хамт байхыг баримлан ажилладаг. Энэ нь амьдралын хатуу, зөөлөнг туулж явсаных юм болов уу. Хүн бүртэй ижил тэнцүү харилцах, хүнийг байгаагаар нь хүндлэх, бүх зүйл яг байгаагаараа үнэн байх, нээлттэй ил тод шударга байхыг хичээж амьдралдаа мөрдлөг болгож явдаг.  Орон нутгийнхаа иргэдийн урмын үгээр тэтгэгдэж, нутаг орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулан сэтгэл шуудан залуу хүний эрч хүчээр ажиллаж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.