СЭЛЭНГЭ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРИЙН ГАЗРУУДЫН ОРОН НУТАГ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын гишүүн Ж.Сайнцог Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээгүүрийн газруудын орон нутаг дахь төлөөлөгчидтэй уулзаж, мэдээлэл солилцлоо.
Улсын хэмжээнд шатахуун түгээх цэгүүдэд А-92, А-80 хомсдолтой байгаа энэ байдал манай аймагт ч мөн адил байгаа юм.
Энэ талаар ШТС-ын төлөөллүүд: "Өмнөх үеэс бага шатахуун орж ирж байгаатай холбоотойгоор хомсдол үүссэн. Бид ирж байгаа шатахуунаа аль болох иргэддээ хүртээмжтэй байдлаар түгээхийг хичээн ажиллаж байгаа. Харин аймгийн хэмжээнд дизэль түлш хангалттай байгаа. Энэ байдал удахгүй хэвийн горимдоо орох төлөв ажиглагдаж байгаа" гэлээ.
Мөн нийт иргэддээ шатахууныг цэгүүдийн олгож байгаа хэмжээгээр нь авч аль болох чирэгдэл үүсгэхгүйгээр үйлчлүүлэхийг хүслээ.
Иргэдийн зүгээс "бензин тасарна" гэдэг ойлголтын үүднээс их хэмжээгээр бөөгнөрөл үүсгэж байгаа юм.
Өнөөдрөөс Оросоос хэвийн үеийнхтэй адил хэмжээтэй шатахуун орж ирж байгаа талаар хэлж байв.