СЭЛЭНГЭ НУТГИЙН ГАВЪЯАТ БАГШ ЦОЛТОН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ
Монгол Улсад орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн математикийн багш БАЛСАНГИЙН УУНАЙ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ" цолтнуудын эгнээнд нэгдэж нутгийн зон олноо баярлууллаа.
Ахмад сурган хүмүүжүүлэгч, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Б.Уунайн ГАВЬЯАТ БАГШ цол тэмдгийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам нар гардуулан өгсөн бол Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа батламж, 1.0 сая төгрөгийн урамшууллыг хүлээлгэн өгч хүндэтгэл үзүүллээ.
Б.УУНАЙ багш 1970 онд МУИС-ийн математикийн ангийг төгсөж, Сэлэнгэ аймгийн Сант сумаас ажлын гараагаа эхлүүлснээс хойш математикийн багш, хичээлийн эрхлэгч, захирлаар тасралтгүй үр бүтээлтэй ажиллан боловсролын салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан эрхэм хүн билээ.
Ийнхүү Сэлэнгэчүүд боловсролын салбарын 5 дахь гавьяатаа өлгийдөн авч байна. Сэлэнгэ нутгаас төрөн гарсан Д.Даш /1974/, З.Мааньжав /2007/, Н.Дуламсүрэн /2011/, Л.Дорждамба /2011/ зэрэг гавьяат багш нарын залгамж болж тодорсон эрхэм танд халуун баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.