“УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ШИНЭЧЛЭЛ - 2” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамнаас /БХБЯ/ Даян дэлхийн ногоон хөгжлийн институти /ДДНХИ/ олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Угсармал орон сууцны шинэчлэл-2” төслийн танилцуулга уузалт боллоо.
Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог ДДНХИ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Аннака Питерсон, төслийн менежер Д.Мөнхбат, төслийн ажилтан Э.Төмөрбаатар нарыг хүлээн авч уулзан аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, БХБГ, “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ, Дулааны шугам сүлжээ, Сүхбаатар сумын сууц өмчлөгчдийн холбоодын төлөөллийг оролцуулсан ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж харилцан ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд барилгын дулаан алдагдлыг 40 хувиар бууруулах зорилт тавиад байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй шинэ барилгыг дэмжих, хуучин барилгуудыг дулаалан шинэчлэх нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үндсэн ажлын нэг юм. Засгийн газрын энэхүү бодпого зорилтын хүрээнд БХБЯ, ДДНХИ олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын угсармал орон сууцыг шинэчлэх” төсөл дээр амжилттай хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан аймаг орон нутагт баригдсан угсармал орон сууцны барилгуудыг шинэчлэн дулаалах санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлж, ногоон хөрөнгө оруулалтын төслийн санал боловсруулж ажлыг эхлүүлээд байна.
Энэхүү төслийн үндсэн зорилго аймаг орон нутагт баригдсан угсармал орон сууцны барилгуудыг дулаалан шинэчлэх урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах, оновчтой санхүүжилтын тогтолцоог бүрдүүлэх боломжийг судлах, хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөжийг тодорхойлох, дулааны аудит хийх, нийт аймгуудын хүрээнд угсармал орон сууцыг дулаалах хөтөлбөрийн санал, зөвлөмж боловсруулахад оршиж байна.
Төслийг хэрэгжүүлж хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгосноор агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаруулалт, барилгын дулааны алдагдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, тухайн орон сууцны барилгуудын үнэ цэнэ, амьдрах орчин, тав тухыг сайжруулах ач холбогдолтой юм.