ЭМЯ-НЫ АЖЛЫН ХЭСЭГ АЛТАНБУЛАГ БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Амралтын энэ өдөр ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтарсан ажлын хэсэг манай аймгийн Алтанбулаг хилийн боомт дахь хилийн хяналтын бүсэд ажиллаж байна. Ажлын хэсэг Омикрон гэх шинэ төрлийн мутацид орсон вирус Европын орнуудаар тархаж байгаатай холбоотойгоор хилийн боомт дээр үүсч болзошгүй эрсдлийг тодорхойлох, бодит нөхцөл байдалтай танилцах зорилготой ийнхүү ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан, ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох нарын албаны хүмүүс багтжээ.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ЭМГ-ын дарга Ж.Од нар тус ажлын хэсэгт АОК-оос авч хэрэгжүүлж байгаа шийдвэр, Алтанбулаг боомтоор ачаа тээвэр болон зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулан ажиллаж байгаа талаараа танилцууллаа.
Монгол Улсын хойд хилийн Алтанбулаг боомтоор Олон улсын ачаа тээвэр, Монгол Улсын иргэд эх орондоо зорчин орж ирэх хөдөлгөөн үргэлжилсээр байна. Шинэ төрлийн вирусыг оруулж ирүүлэхгүй байх үүднээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр орж ирж байгаа хүн нэг бүрээс түргэвчилсэн, омикрон вирус бүртгэгдсэн улс орнуудаас ирж байгаа болон дамжин өнгөрсөн иргэдээс түргэвчилсэн, ПГУ шинжилгээг давхар авч байна. Хилийн хяналтын бүсэд шинжилгээ авах, түр тусгаарлах цэгүүдийг байгуулж, ПГУ шинжилгээний хариу гартал хүлээх байрыг Алтанбулаг суманд, ПГУ шинжилгээ батлагдсан тохиолдолд тусгаарлан эмчлэх үйл ажиллагааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Халдвартын тасагт байхаар зохион байгуулалтын арга хэмжээг аваад байна.