Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.ЛХАГВАДОРЖ: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДЫН БҮХ АСУУДЛЫГ 3 ДУГААР САРЫН 1-НЭЭС ӨМНӨ ЦЭГЦЭЛЖ, 5 ДУГААР САРЫН 1 ГЭХЭД ҮНДСЭН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 09:00-21:00 цагийн хооронд явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанд ирвэл зохих 37 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч танхимаар, 3 төлөөлөгч цахимаар оролцож хуралдааны ирц 89.1 хувьтай байв. Хуралдаанд:
1.Сэлэнгэ аймгийн 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай
2.Сэлэнгэ аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцууллаа.
3.“Зөгийн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн дүрэм” батлах асуудлыг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга С.Ариунтөгс,
4.Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг хамарсан 100 га талбай бүхий газрын Хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг ГХБХБГ-ын дарга Б.Саруултөгс,
5.Сэлэнгэ аймгийн 2022 оны төсвийг аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга О.Мөнхбаяр нар тус тус танилцуулан хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
Хуралдааны төгсгөлд 2022 оны төсвөө амжилттай батлуулсан аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хурлын төлөөлөгч нарт хандаж үг хэллээ.
Тэрээр-“Сэлэнгэ аймгаа хөгжүүлэх асуудал дээр та бид хамтарч нэг баг болж ажиллах нь хамгаас чухал. Энэ цаг мөчөөс эхлээд миний бие та бүхэнтэйгээ хамтарч баг болж ажиллана. Ингэж байж Сэлэнгэ аймаг хөгжинө. “Би гэж байхгүй... Бид бүгдийн хийсэн ажил” гэж байна.
Аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн аваад гурав хонож байгаа ч Сүхбаатар суманд тулгамдаж байгаа зарим асуудлуудтай өөрийн биеэр очиж танилцлаа. Одоо бүх сумдаараа ойрын хугацаанд явна. Цаашид жижиг асуудлыг аргацааж биш бүгдийг шийдвэрлэдэг зарчмаар ажлаа төлөвлөж байна. Сумдаар ажиллах үед хурлын төлөөлөгч та бүхэн сумын Засаг даргатайгаа хамтараад тулгамдаж байгаа асуудлаа төрөл нэг бүрээр нь ангилж, газар дээр нь үзэх боломжоор хангаж өгөөрэй. Тухайн сум юугаараа давуу онцлогтой болохыг тодорхойлж түүнд тулгуурлан ажлаа төлөвлөнө. Ажлын хэсэг асуудлыг газар дээр нь үзэж бүтээн байгуулалтын ажлуудыг мэргэжлийн багаар зураг төсвийг хийлгэнэ. 2022 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө бүх асуудлаа цэгцэлж, тендер зарлах ажилдаа орно. 5 дугаар сарын 1 гэхэд үндсэн ажлаа эхлүүлдэг болгоно. Ингэж асуудал бүрийг тухай бүрт нь шийдэж явахгүй бол өдөр ирэх тусам төсөв мөнгөний ханш, барилгын материалын үнэ, ковидын нөхцөл байдал хүндрэх магадлал үүсэхээр байна. Бид цаг нартай уралдаж ажиллах нь чухал байна. Олон асуудал хүлээгдэж байна. Ер нь асуудалд өнөөдөр энэ тэрийг сольё гэхээсээ илүүтэй шинжлэх ухаанчаар ханддаг байцгаая. Нэг ажлыг нэг л удаа хийдэг байх зарчмыг хатуу барьцгаая. Байнга сургууль, цэцэрлэгийн засвар ярьж явмааргүй байна. Та бид нэгэн цаг үеийг бүтээж яваа хүмүүс. Тиймээс хийж бүтээсэн түүхтэй байхгүй бол засвар энэ тэрхэн гэсэн асуудлаар өөрсдийн нэр хаяггүй болж үлдэх хатуухан цаг хугацаанд ажиллаж байна. Сэлэнгэ сайхан нутгаа хөгжүүлж сайн ажиллаарай гээд 2022 оны төсвийг амжилттай баталж өгсөн нийт төлөөлөгч нартаа баярлалаа. Батлагдсан төсвийнхөө дагуу сайн ажиллана. Бүх салбартаа хүрч очиж ажил байдалтай нь танилцана. Мөн хөрөнгө оруулалтуудыг аймагтаа татаж аймаг орон нутгаа хөгжүүлж ажиллана. Та нартаа ажлын амжилт, эрүүл энхийг хүсье”.