АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН САНАЛ СОЛИЛЦЛОО
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонслоо.
НҮБ 1981 оноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Тиймээс энэ өдөр бол хөгжлийн бэрхшээлийг даван туулж, түүнтэй зохицон амьдарч байгаа хүн бүрийн хувьд эрхээ эдлэх, олон нийтэд дуу хоолойгоо хүргэх боломжтой чухал өдөр юм.
ДЭМБ-ын тайлан мэдээгээр дэлхийн нийт хүн амын 15 хувь буюу 1 тэрбум гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй байгаа бол Монгол Улсын хүн мын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа гарчээ.
Манай Улс 2021 оныг “БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ” нийгмийг хамтдаа бүтээе уриан дор энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 5411 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 467 нь 0-16 насны хүүхэд гэсэн судалгаа байгаа юм. Эдгээр иргэдээс давхардсан тоогоор 1200 нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Албан уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс тэдний нийгэм дэх оролцоо, орчин нөхцөл, ажлын байрны асуудал онцгой хэцүү болохыг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээсээ эхлээд хэн нэгнээ харж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй олон хүмүүс байгааг хэлж байлаа.
Аймгийн даргын зүгээс эдгээр хүмүүсээ боломжит бүхий л хэлбэрээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хамгийн түрүүнд ажил хөдөлмөр эрхэлж чадах хичнээн хүмүүс байгааг, ямар төрлийн ажил эрхлэх боломжтойг нарийвчлан гаргасан судалгаа, ажлын төлөвлөгөөг яаралтай өгөхийг хүслээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан 1 тэрбум мод тарих хөдөлгөөн маш том боломж болохыг ч тодотгон ярилаа.