СЭЛЭНГЭЧҮҮД “ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТООС СЭРГИЙЛЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЦГААЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудал болох хүүхдийг цахим донтолтоос сэргийлэх үндсэн зорилготой “Дэлгэцийн донтолтоос сэргийлж, эрүүл мэндээ хамгаалцгаая” төслийг аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучдын хөгжлийн газраас “Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Аяны танилцуулгыг энэхүү ажлыг Сэлэнгэ аймагтаа хийх санаачлагыг анхлан гаргасан аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа танилцуулж, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог албан ёсоор нээлээ. Төслийн нээлтэнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр захиргааны байгууллагууд, багш сурагчид, эцэг эхчүүдийн төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцож, сургалт хичээлд хамрагдлаа.
Хэрэглээ нь байх ёстой хэмжээнээсээ хэтрээд байгаа дэлгэцийн хэрэглээний хор уршиг, түүнээс хүүхдээ хамгаалах арга замуудын талаар мэргэшсэн лекторууд, мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг оролцогчид сонсон цоо шинэ мэдлэгийг олж авлаа.
Сургалтын хүрээнд:
-”Эерэг өөрчлөлтийн түүчээ” ТББ-ын тэргүүн, “Дэлгэцээс холдуулах дадлууд” хүүхдийн номын зохиогч Н.Дуламсүрэн
-“Хүүхэд дэлгэцэнд донтох эмгэгийн олон улсын нөхцөл байдал” илтгэл,
-“Бага насны хүүхдийн тархины хөгжил, гар утас ухаалаг төхөөрөмжийг саатуулах хэрэгсэл болгон ашиглахын сөрөг нөлөөллүүд болон донтох эрсдэл” сэдэвт хичээл орж
-Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуулийн захирал Л.Уянга “Дэлгэцийн донтолоос сэргийлэхэд боловсролын байгууллагын үүрэг оролцоо” туршлагаасаа хувцаалцлаа.
“Дэлгэцийн донтолт-бодит аюул” төслийн зөвлөх Ц.Лхагвасүрэн “Дэлгэцийн донтолт"-оос сэргийлж буй олон улсын туршлагыг танилцууллаа.
2020 оны байдлаар манай аймагт 6 наснаас дээш хүн амын 87.5 хувь нь үүрэн холбооны хэрэглэгч, 62,8 хувь нь интернэт хэрэглэгч байна. Сэлэнгэ аймгийн 108370 хүн амын 39392 нь 0-18 насны хүүхдүүд байгаа нь нийт хүн амын 36.3 хувийг эзэлж байна.
Энэ судалгаанд үндэслэн аймгийн зүгээс хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын анхаарлыг интернэтийн хэт их хэрэглээрүү хандуулан, “хүүхэд-эцэг эхчүүдэд” хандсан нөлөөллийн ажлыг хийхээр ажиллаж байгаа юм.
Өнөөдөр албан ёсны нээлтээ хийж байгаа энэхүү аян нь хүүхдүүдэд дэлгэцээс ангид дадал хэвшил суулгах, эцэг эхчүүдийг үр хүүхэддээ эергээр нөлөөлж гэр бүлийн амьд харилцааг эрхэмлэхийг уриалсан, мэдээллийн эрин зуунд өөрийгөө зөв удирдах арга замын талаарх мэдлэгийг бүх насныханд олгох том зорилгыг агууллаа.
"Эерэг өөрчлөлийн түүчээ" төрийн бус байгууллага дэлхийн нийтээр далд хэлбэрээр газар авч буй дэлгэцийн донтолт бол хүүхдийн бие махбодь болоод сэтгэл зүйд олон сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм гэдгийг нийгэмд таниулж, үүнээс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү төслийг үндэсний хэмжээнд өрнүүлэн ажиллаж байна.
Эцэг эхчүүд та бүхэн эх орны ирээдүй болсон үрсээ эрүүл-зөв хүн болгох дадал хэвшлийг өөрсдөөрөө үлгэрлэн таниулж, аяны үйл ажиллагаанд хамтран оролцоорой.