АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОРЧИН НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй нэг бүрчлэн танилцаж, эмч нартай уулзлаа.
Аймгийн Засаг даргын албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, нэн шаардлагатай байгаа хэрэгцээт зүйлсийг тодорхойлох ажил ийнхүү Нэгдсэн эмнэлгээс эхэлж байна.
Н.Лхагвадорж даргын ажлаа авсан даруйдаа Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой шийдвэрлэсэн хамгийн эхний ажил дулааны асуудал байсан. Одоо эмнэлгийн тасаг нэгжүүд, коридор, хүлээлгийн танхим нийтээрээ дулаахан сайхан болсонд эмч, ажилчид, үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
Баригдсан цагаасаа хойш капитал засвар хийгдээгүй тус эмнэлгийн барилгад ирэх онд 2.7 тэрбум төгрөгийн засварын ажил хийгдэхээр улсын төсөвт тусгагдаад байгаа. Энэхүү засварыг үр дүнтэй, өндөр төлөвлөлт, гүйцэтгэл, хяналттайгаар хийлгэхэд одооноос эхлэн онцгой анхаарч ажиллахыг Засаг дарга эмнэлгийн удирдлагуудад захилаа.
Уулзалт ярилцлагын үеэр нүдний эмч хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхөөр болсонд талархалаа илэрхийлсэн бол мэс заслийн тасгийнхан сүүлийн үеийн вакум орчин нөхцлийг бүрдүүлж ажиллах хүсэлттэй байгаагаа хэлж байв. Мөн чих хамар хоолой, дуран, мэс засал гээд эмч нар илүү ихийг сурч, мэргэших, Сэлэнгэдээ хийгдэж байгаагүй эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй явдагаа илэрхийлж, тасаг нэгж бүртээ нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийн дэмжлэгийг хүслээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: “Та бүхний гаргасан санал санаачлага, хүсэлтийг нэг бүрчлэн эрэмбэлээд асуудлыг шат дараатайгаар бүхий л боломжийг ашиглан шийднэ. Мөн сургаж мэргэшүүлэхэд онцгой анхаарна. Хамгийн чухал зүйл бол та бүхэн үйлчилгээ авч байгаа хүн нэг бүрийг сэтгэл дүүрэн гаргаж ажлаа гүйцэтгэл сайтай, чанартай хийгээрэй. “Сэлэнгийн эмнэлэг, Сэлэнгийн эмч нар ямар мундаг юм бэ” гэдэг үг бид бүгдийн хүсч байгаа гол хүсэл зорилго. Энэ зорилгыг та бид хамтын хүчээр бүтээнэ. Тиймээс сэтгэлтэй, зүтгэлтэй, санаачлагатай ажиллаарай. Бүгдэд нь ажлын амжилт хүсье” гэлээ.