АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЕРӨӨ СУМАНД АЖИЛЛАЛАА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар холбогдох албаны хүмүүсийн хамт Ерөө суманд ажиллаж халаалтын төв, шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажлын явц байдалтай танилцан, анхаарч ажиллах асуудлууд дээр үүрэг чиглэл өглөө.
Халаалтын төвийн үйл ажиллагаатай Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс нэг бүрчлэн танилцаж гаргаж байгаа, буцаж ирж байгаа дулаан, байгууллагуудад хүрч байгаа байдал зэргийг үзлээ. Ерөө сумын албан байгууллагууд нэгдсэн нэг халаалтын төвөөс дулаанаа авдаг ажээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга “Халаалтын төв үйл ажиллагаагаа горимын дагуу явуулж, бүрэн гүйцэд халаалтаа гаргаарай. Төр, хувийн хэвшил бие биенээ дэмжиж хамтарч байж хөгжинө. Энд ирсэн мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөгөө сайтар аваад ажилла. Дараа жил халаалт дулаантай холбоотой ямар нэг асуудал энэ сумын хэмжээнд ярихгүй шүү. Тиймээс энэ жилийн гарч байгаа алдаа дутагдал дээрээ харилцан ярилцаад эртнээс асуудлаа цэгцлээд яваарай” гэлээ.
Мөн шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлд онцгой анхаарч, зураг төлөвлөгөөний дагуу ажлаа хийж дуусгахыг анхааруулав. Цэцэрлэгийн гадна засвар дуусаж дотор засвар ид хийгдэж байна.
Тус суманд хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа сургуулийн ажлын явцыг мөн үзэж сонирхлоо. Дээрх барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй гадна тал бүрэн дуусаж дотор засварын ажил явагдаж байна.
Засаг дарга Ерөө суманд ажиллаад аймгийн төвд орж ирэхдээ Сүхбаатар сумын асч байгаа болон асахгүй байгаа гэрэлтүүлгүүдийг тойрч үзлээ.