АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болж цаг үеийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар сум, орон нутагт төр захиргааны ажил арга хэмжээ хэрхэн явагдаж байгаа, хүн, малын халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ, бодлого шийдвэрийн хэрэгжилт, сумын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан хийхээр төлөвлөсөн ажлуудыг шалган, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгөх зорилгоор нийт сумдад ажилласан 4 ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
Ажлын хэсгүүдийн дүгнэлтээр орон нутгийн удирдлагуудын ажилдаа хандаж байгаа хандлага, салбар дундын уялдаа холбоо, ажлын гүйцэтгэлийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн тул аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарыг ажилдаа хариуцлагатай, үр дүнтэй ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
Энэ удаагийн хуралдаанаар он дуусах хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан томоохон ажил арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, сумдын Засаг дарга нарт хүн, малын халдварт өвчлөлийн эсрэг авч хэрэгжүүлэх ажлаа оновчтой зөв зохион байгуулалттайгаар гүйцэтгэн, хяналт шалгалтыг эрчимжүүлж, өндөр үр дүнтэй ажиллахыг даалгалаа.