“ТӨРИЙН БОДЛОГО-ХОРШООЛОЛ” УУЛЗАЛТ ФОРУМ
Сэлэнгэ аймгийн Хоршоологчдын төлөөлөл аймгийн төвдөө цугларч өнөөгийн болоод цаашдын зорилго чиглэлээ тодотгон ярилцаж байр сууриа нэгтгэж байна.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Монголын ХАА-н Хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа, Сэлэнгэ аймгийн ХАА-н Хоршоологчдын холбооны төлөөлөл оролцож байна.
Уулзалт арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргатай Сэлэнгэ аймгийн ХАА-н Хоршоологчдын холбоо “Санамж бичиг” байгуулж цаашдын хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.
Энэхүү форум уулзалтаар Хоршооллын салбарын хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн төрийн бодлого, хууль эрхзүйн шинэчлэлийн ач холбогдлыг сурталчилж, төр болон хоршооллын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр оролцогчид байр сууриа илэрхийлэн, ярилцлага хэлэлцүүлэг өрнүүлж харилцан мэдээлэл солилцож байгаа юм.
Оролцогчдын зүгээс “Хоршооны үйл ажиллагааг дэмжсэн ажил арга хэмжээ дутмаг, үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой мэдээ мэдээлэл бага, эрхзүйн хүрээнд болон бусад чиглэлд чиглүүлэх төрийн оролцоо хэрэгтэй байна” гэдэг байр суурийг голлон илэрхийллээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар нь манай аймгийн эдийн засгийн хөгжлийг хангах гол салбар. Кластерлан хөгжих бүрэн боломжтой. Иймээс аймгийн хөгжлийн нэгэн чухал тулгуур бол хоршоологчдын маань үйл ажиллагаа. Хоршоог би багийн хамгийн сайн хувилбар гэж боддог. Энэ бол сайн дурын үндсэн дээр нэгдэж, гишүүд нь тэгш үүрэг оролцоо, хариуцлагатайгаар хамтдаа хөгждөг, хөдөлмөрлөдөг, үр шимээ хүртдэг зохион байгуулалтын нэгж. Хэсэг бүлэг хүмүүс үйл ажиллагаагаа, ашиг сонирхол, хүсэл зорилгоороо нэгдэж чадаж байхад төр тэднийг чиглүүлж, дэмжиж, хамтарч чадвал бид илүү үр өгөөжтэй ажиллах боломж бүрдэнэ. Иргэдийн сайн сайхан аж амьдрал, эко болон орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжлийг хангах чиглэлээр цаашид хамтран ажиллахад аймгийн удирдлагын баг бэлэн байгааг тэмдэглэн хэлье” гэв.
Энэ удаагийн уулзалт арга хэмжээ Хоршооллын салбар үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.