АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СҮХБААТАР СУМЫН “АЛТАН НАМАР ШИМ” ХОРШООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сүхбаатар сумын хоршоологчдын төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Эдгээр хүмүүс “Алтан намар шим” хоршоог байгуулж “Бор гүвээ” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах цогболбор барихаар төлөвлөөд байгаа ажээ. Хоршоо худалдаа үйлчилгээ, өрхийн үйлдвэр, цайны газар гээд салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Хоршооны гишүүд аймгийн даргад үйл ажиллагааныхаа зорилго, хийхээр төлөвлөсөн барилгын зураг төслөө танилцууллаа. Эдгээр хүмүүс “СЭЛЭНГЭ” нэрийг гаргасан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах өнгө үзэмж сайтай нэгдсэн цогцолбор цэгийг байгуулж, зорчин өнгөрөгч, аялагч жуулчдад үйлчлэхийг гол зорилгоо болгожээ.
Аймгийн даргын зүгээс Сүхбаатар сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчидтэй хамтран зам талбайн тохижилтод 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн хийх ажлынхаа төлөвлөлт, гүйцэтгэлд онцгой анхаарч, цаг хугацаатай уралдан үр дүнтэй ажиллахыг хүслээ.