МЭНДЧИЛГЭЭ
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Нацагдоржийн ЛХАГВАДОРЖ:
Арвин баялаг түүхтэй, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр бялхам үйлс өөдөө Сэлэнгэ түмэндээ шинэ оны, шинэ жилийн баярын мэндийг хүргэе.
Өнгөрч буй 2021 он хүн бүрт санан дурсах олон сайхан дурсамжийг үлдээсэн баялаг сайхан цаг хугацаа байсан гэдэгт итгэлтэй байна.
Сэлэнгэ нутгийн хүн ам 108.370 боллоо. Сэлэнгэ түмний дундаас Хөдөлмөрийн баатар, гавьяатууд олноор төрөн гарсан сайхан жилийг та бид хамтдаа үдэж байна.
Ажилч хичээнгүй нутгийн зон олон минь салбар салбартаа манлайлж ажилласны үр дүнд Сэлэнгэчүүд 10 дахь удаагаа Монгол Улсын шилдэг аймгаар шалгарч, авьяас билэг төгөлдөр хүүхэд залуус маань нутаг орныхоо нэрийг тив дэлхий, улс орон даяар дуурсгалаа.
Аймгийн Засаг даргын нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албандаа та бүхэнтэйгээ гар, сэтгэл нийлж Сэлэнгэ нутгийнхаа хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа баярын энэ өдөр илэрхийлж байна.
Учран золгож байгаа шинэ ондоо өмнөх оныхоо амжилтыг бататган, хийж бүтээх зорилгодоо хүрч, аймаг сум, айл өрхийн ажил үйлс өөдлөн дэвжихийн ерөөлийг өргөе.
Та бүхэн шинэ оноо гэр бүлээрээ сайхан угтаарай.
Өөдөө заяатай Сэлэнгэ түмний минь
Өрх бүрт инээд баясал дүүрэн байх болтугай.