Ш.Гунгаадорж: Баатар цолыг хүнд хүртээж явснаас, өөрөө авна гэж зүүдэлж ч явсангүй

Монгол Улсын шинэхэн хөдөлмөрийн баатар Ш.Гунгаадорж гуайтай “Монголын шинэ өсөлт” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч И.Отгонжаргалын хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ш.Гунгаадорж нь 1958 онд ЗХУ-ын Москва хотын Тимирязевийн нэрэмжит академийг агрономч мэргэжлээр төгссөн. 1968-1975 онд Хөдөө аж ахуйн яамны Орлогч сайд,1980-1981 онд Сангийн аж ахуйн яамны Нэгдүгээр орлогч сайд, 1980-1986 онд Сэлэнгэ аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга,1986-1987 онд Хөдөө аж ахуйн  сайд, 1987-1990 онд Сайд нарын зөвлөлийн Орлогч дарга,1990 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 1991-1997 онд БНАСАУКазахстан улсад элчин сайд, 2000-2004 онд УИХ-ын гишүүн байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.

Мөн тэрбээр Монголын газар тариалангийн салбарын хөгжилд анх атар газар эзэмшиж эхлэх үеэс агрономичийн мэргэжлээрээ ч, салбарын бодлогыг гаргаж, гардан оролцож ирсэн түүхэн  гавьяатай эрхэм юм. Монголын газар тариалангийн 63 жилийн “амьд түүх” гэж хэлж болох Гунгаадорж гуай өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хөдөлмөрийн баатар болсон юм.

Шинэхэн Хөдөлмөрийн баатрын хүндтэй ярилцлагыг шимтэн болгооно уу.



- Хөдөлмөрийн баатар болсонд баяр хүргэе. Өмнө нь тань шиг төр нийгмийн зүтгэлтнүүдээс баатар болсон хүн хэр олон байдаг бол?  

- Ерөнхий сайд болон бодлогод ажиллаж байсан хүмүүсээс Ю.Цэдэнбал даргаас өөр баатар болсон хүн байхгүй. Түмэн олондоо харамгүй зүтгэж явсны л ач буян хэмээн бодож, залбирч сууна.

- Та ер нь хэзээ нэг цагт  баатар болно гэж бодож, төсөөлж байв уу?

- Баатар гэдэг цолыг хүнд хүртээж явснаас биш, өөрөө тэр цолыг авна гэж зүүдэлж ч явсангүй. Төр засаг миний 60 гаруй жил зүтгэсэн хөдөлмөрийг маань үнэлээд энэ эрхэм цолыг хүртээсэнд туйлын  баяртай байна. Баяр талархлаа илэрхийлээд барахааргүй л байна. Монгол Улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа. Төр засагтаа баярлаж байна. За тэгээд төрүүлж, өсгөсөн дээд тэнгэрт байгаа аав ээж, ойр дотнынхоо хүмүүсийг өнөөдөр санан дурсахгүй байхын аргагүй юм. Тэдэнгүйгээр би энэ цолд хүрэх боломжгүй байсан. Үе үеийн сургууль, эрдэмтэн багш нар, бага сургуулиас эхлээд тэр том дэлхийд нэр хүндтэй К.А.Тимирязевийн академийн эрдмийн тогооноос шанагадан авч, хэрэглэж байсны маань үр шим өнөөдөр гарлаа. Тэр том академид сурахдаа зөвхөн сурлагын дэвтэр дээр дүн тавиулах төдийхнийг хүсэж байгаагүй. Сурахын хажуугаар агрономичийн мэргэжилтэйгээ холбоотой ийшээ тийшээ явж илүү ихийг сурч мэдэхийг оролдож байсан.

- Та чинь оюутан байхдаа Казахстаны атар газар эзэмших үйл хэрэгт оролцож явсан байдаг биз дээ?

- 1957 онд гуравдугаар курсэд байхад Казахстанд атар газар эзэмших  хөдөлгөөн ид өрнөсөн. Би яагаад ч юм тэр атар руу явмаар санагдаад. Гадаад оюутан явуулахгүй шүү дээ. Сургуулийнхаа ректор дээр өргөдөл бичиж ороод  явах зөвшөөрөл авч, ангийнхаа орос оюутнуудтай явсан. Тэр зун  Москвад  Дэлхийн залуучууд оюутнуудын Их наадам болох байсан. Монгол оюутнууддаа “Ийм сайхан наадам болох гэж байхад Казахстан явж шороотой холилдох гэж зүтгээд байхаар  яадаг байна. Тэнэг юм” гэж зэмлүүлж, шоолуулан барин явсан.

Тэгээд ёстой тэнд гурван сар шороонд дарагдаж, комбайны пункер дээр сууж, тариан талбайгаас нүд, нүүр нь  харагдахгүй шахуу болчихсон бууж  ирнэ. Орой нь үтрэмд  будаа цэвэрлэнэ. Өлсөнө цангана. Оюутнуудтайгаа шөнө явж хамтралын төмс хулгайлж, шарж иднэ. Зовлонгийн дундуур туучин байж атар газар эзэмшихийг анх тэгж  үзэж байлаа. Казахстаны нөхдөд би хэлдэг юм. “Танай атрыг эзэмшихэд би оролцож явсан хүн шүү” гэж/инээв/.

- Тэгээд таныг сургуулиа төгсөөд ирэхэд манайд атар газар эзэмших хөдөлгөөн өрнөсөн  үү?

- Тийм, намайг сургуулиа төгсөж ирэхэд манайд 1959 онд атар газар эзэмших тухай шийдвэр гарч, их ажил ид өрнөсөн үе таарсан. Тэгээд л атар газар эзэмших ажилд ханцуй шамлан орж, “Зэлтэр”, “Дархан”, “Хэрлэн”, “Эгүүр” гэсэн дөрвөн САА шинээр байгуулж, 20-иод аж ахуйн газрыг тэлж хагалах тэр том зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн дээ. 

30, 40 хоногоор хөдөө явна. Тракторч, комбайнч нартайгаа хамт майханд нь хононо. Гурилтай шөлийг нь хамтдаа иднэ. Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирчихсэн. Манай малчдын хүүхдүүд 45 хоногийн курс хийгээд, тракторчин болоод явдаг. Монголчуудын их авьяастайг зөвлөлтийн мэргэжилтнүүд гайхаад л. Намайг “Чи хар даа, өчигдөрхөн морин дэл дээгүүр давхиж явсан залуучууд 40-өөдхөн хоногийн курс хийгээд газрыг ямар сайхан хагалж байна. Манай Оросын  30, 40 жил ажилласан тракторчдоос огт дутахгүй байна” хэмээн магтана. Үнэхээр ч манай монголчууд их авьяастай. Анхны атарчин Алтанхүү баатар, Санжаа баатар гээд олон сайхан бахархалт хөдөлмөрч хүн байсан.

- САА-н удирдах газрын үүсгэл, удирдлагын талаар сонирхуулахгүй юү? 

- САА-н удирдах газар гэж байгуулаад, Говь-Алтайн Намын хороон дарга байсан алдарт Лоохууз гуайг Цэдэнбал дарга тус газрын даргаар шууд тавьж, бидний шүүсийг шахуулсан. Ажлаа гүйцээгээгүй бол өөрийнх нь зардлаар буцааж явуулна. Тийм хатуу, хариуцлагатай хүний гарт ажлын гараагаа эхэлсэндээ би баярладаг. Тэр л миний  өдий зэрэгтэй явах, төрдөө үнэлэгдэх хэмжээнд хүрэх замыг зааж өгч байж дээ. Тэр үедээ яаж мэдэх билээ.

Би чинь тариа будаа гэж мэдэхгүй малчны хүүхэд. Талх ч идэж үзээгүй, Дорноговийн арван жилийн сургуулийг төгсөөд хойшоо сургуульд явж байсан. Элсэнд  хөл нүцгэн гүйж өссөн хүн. Маш сонин л доо. Миний аав хуучны том маарамба хүн байж байгаад 10 жилийн ял эдэлж гарч ирээд, сумын багийн сантер хийдэг. Аав маань намайг анагаахын хүн болгох санаатай. “Миний хүү, дотоодын анагаахын сургууль багадахгүй дээ” гэж  ятгаад. Би болохоор “Үгүй, хойшоо л сургуульд явж мэргэжил эзэмшинэ” гэж зүтгэсээр явж байсан.

- Тэр үед хөдөөгийн жирийн айлын хүүхэд тэр том Тимирязевийн академийг яаж сонгосон бэ?

- Тимирезвийн академийг сонгосон юм байхгүй ээ, мэдэхгүй шүү дээ.  Манай аймагт дөрвөн хүүхэд арван жилийн сургуулиа онц төгссөн. Тэр үед хөдөөгийн хүүхдийн зөвхөн онц сурлагатныг нь гадагшаа сургуульд явуулдаг байсан. Хотын хүүхдүүд бол дунд ч бай, муу ч бай бүгд явж байсан. Гэтэл нөгөө надтай хамт төгссөн дөрвөн хүүхдийн гурав нь “гадагшаа сургуульд явахгүй гээд би ганцаараа явна” гэсэн. Гэхдээ  ямар сургуульд явахаа мэдэхгүй. Ломносовын их сургууль л гэж дуулсан. Тэр сургуульд л явна гэсэн зорилготой хөдөөгөөс ирсэн. Тэр үед  бүх хүүхдийг Намын төв хороогоор нэг бүрчлэн оруулж шалгаж явуулдаг байсан. Тэрүүгээр ороод, дараа нь Гадаад яамны Цэрэнцоодол сайд дээр очсон. Тэгсэн намайг “Чи Тимирязвийн академид явахгүй. Ташкентын хөдөө аж ахуйн дээд сургуульд явна гээд миний паспорт дээр Ташкентад гээд биччихсэн. Москвад Элчин сайдын яаман дээр ирсэн чинь “Ташкентад орон тоо байхгүй, чи Тимирязевт яв гэдэг юм байна. Тэгээд л тэр сайхан дэлхийд алдартай сургуульд сурах хувь заяа надад оногдсон юм.

- Манайх 1959 онд атар газар эзэмших хөдөлгөөн өрнөх хүртэлх хугацаанд гурил элбэг байгаагүй байх. Гурилаа хаанаас авдаг байсан бэ?

- Оросоос авна, ховор.  Намайг дөрөвдүгээр ангид байхад 1945 онд эх орны дайны үед гурил гэж мэдэхгүй. Бага байхад хоёрдугаар гурил ч иддэггүй байсан даа. Хивгийг шигшээд, бүдүүн ширхэгтэйгээр нь лапша хийнэ. Дээр нь үлдсэн бүр том ширхэгтэй арзгар хэсэг нь бараг зуурагдахгүй. Тэрүүгээр нь боов боорцог хийдэг. Гурилын хивгийг анх идэж байсан үе л дээ. Гурил ховор, төмс ногоо гэж байгаагүй болохоор монголчууд махаа л иддэг байсан байх. Миний хувьд  гурилыг ч мэдэхгүй, талхыг ч мэдэхгүй ганц мэддэг зүйл нь яблок. Манай Дорноговьд ЗХУ-ын цэргүүд байсан. Оросын цэргийн дэлгүүрт сахиж зогсож байж хөлдүү яблок ганц нэгийг олж иднэ. Ямар сайндаа би хойшоо сургуульд явах гээд аавтайгаа хөдөөгөөс орж ирээд, захаас сайхан улаан алим  хоёр кг-ыг аваад л явуут дундаа нэгийг хазсан чинь нэг их муухай мах амтагдсан зүйл байсан чинь помидор авчихсан байсан.

- Та бол атрын “амьд түүх”. Мэдээж таны Монголын газар тариалангийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр тань өнөөдөр баатар цол хүртэхэд нөлөөлсөн байх. Таны энэ  хөдөлмөрч  зүтгэлтэй, аливаа юмны ард гардаг зан чанарт юу нөлөөлсөн байдаг вэ?

- Ажлыг битгий тойрч гарч бай. Гэрийн ч бай, албаны ч бай ажлын гүнд орж, гараараа мэдэрч, нүдээрээ харж, хэлээрээ амталж байж ажлын амтыг мэддэг гэж аав ээжийн маань хар нялхаас сургасан зан. Тийм учраас би анх газар тариалангийн ажилд орохдоо тариаланчид хамт олонтойгоо байнга хамт байж ажил амьдралын гүн рүү нь орох ёстой гэдгийг мэдэрсэн хүн.

Лоохууз дарга маш ширүүн хүн шүү дээ. Би хойноос сургууль төгсөж ирэхдээ яаманд ажилд орно гэж бодож ирсэн. Гэтэл Лоохууз дарга намайг хүлээж аваад “За чи хаана  ажиллах вэ” гэж асуусан. Би яаманд ажиллана гэчихгүй юү. Тэгсэн “Битгий галзуур. Чи САА-д очиж ажиллана” гэсэн. Тэгээд анх Амгалангийн САА гэж тэр үед Хятад улсын тусламжтай байгуулсан том аж ахуйд очсон доо. Эргэн тойрны бүх уулын аманд тариа, ногоо,  тэжээл тарина. Түр хурх, Гачуурт урагшаагаа Мааньт хүртэл тариа тарьдаг. Түр хурхын булга, хар үнэг халиу буганы аж ахуйг хамарсан том газар ерөнхий агрономич, нэгдүгээр орлогч даргаар ажилласан. Бугын аж ахуй их зовлонтой шүү дээ.Үнэг нь уул руу тараад алга болно. Халиуны аж ахуй нь ч амар биш. Хотын ганган хүүхнүүд малгай хийж өмсөх гээд халиуны арьсны  саарлыг их захина. Тэнд жил гаруй ажилласан чинь дасаад надад их таалагдаад эхэллээ. Тэгсэн нэг өдөр Лоохууз дарга дуудлаа гэж байна. Би ирэлгүй 20-иод хонож байсан чинь нэг өдөр машин очоод намайг аваад ирлээ.

 Лоохууз гуайн өрөө рүү орлоо. Намайг харах ч үгүй доошоо хараад юм бичээд сууна. “Сайн байна уу?” гэсэн дуугарсангүй. Арваад минут зогслоо. Тэгснээ нүдний шилээ доошлуулж, над руу харснаа “Чи юу юм” гэж байна. Би болдогсон бол “Хүн л” гэж хэлмээр байлаа. Тэр том даргын өөдөөс дуугарах эрхгүй юм чинь чимээгүй л зогслоо. Угаасаа намайг мэдэхийн дээдээр мэдэж  байгаа шүү дээ. “Чи ер нь ямар хаашаа нөхөр вэ. Яв гэхээр явахгүй гэнэ. Ир гэхээр ирдэггүй” гээд занаж гарлаа. “Чамайг атар газар эзэмших ажилд оролцуулахаар Зөвлөлтийн нөхөд ирж байна. Тэдэнтэй хамт ажиллаж САА-н удирдах газрын Төв штабт ажиллуулахаар итгэл хүлээлгэх гээд дуудаад байхад ирэхгүй том толгой гаргаад яасан задарсан нөхөр вэ чи. Чамайг донгодлоо. Чи одоо тэр Амгалангийн аж ахуйд ажиллахгүй. САА-н удирдах газар ирнэ. Тэр 428 тоотод суу” гээд  өрөө зааж өглөө. Тэгээд л атар газартай золгож, бодлогын түвшинд  мэргэжилтэн болоод ажилласан даа.

- Тэгээд САА-н удирдах газраа хэдэн жил ажилласан бэ?

- Гурван жил. Атар эзэмших эхний аян ч дууссан. Тэр үед ч тэгээд хэцүү л дээ. Лоохууз гуай  маань аспирантурт явлаа. Тэгэхээр нь би буцаад Амгалангийн САА-даа очлоо. Тэндээ очоод хоёр жил болж байсан чинь нэг өдөр манай ажлаар гаднын халзан толгойтой нөхөр ирээд л холхиод байна. Дарга нартай ч, ногоочидтой ч уулзаад явсан. “Энэ юун хүн юм гэсэн чинь чамайг судалж яваа юм байна” гэнэ. Тэгээд л 1968 оны зургадугаар сард Хөдөө аж ахуйн яамны Орлогч сайдаар томилогдоод, тэндээ арваад жил ажилласан.

- Атар эзэмших анхны хөдөлгөөнийг маш олон хүнийг дайчлаад, сургаад эрчимтэй  эхлүүлж байсан ч ажлын нөхцөл, техник технологийн нэвтрэлт бол эхэн үедээ  огт байгаагүй юм шиг санагддаг, атарчидтай уулзаад ярилцаж байхад. Атрын анхдугаар аян хэрхэн эхэлж, ямар үр дүн гарч байсан бэ?

- Улс төрийн товчооны дарга нарын төлөөлөл  намайг дөрөвдүгээр курсэд байхад  ЗХУ-д очиж, атар газар эзэмших анхны хэлэлцээр хийж байсан. Намайг сургуулиа  төгсөх жил Зөвлөлтийн их техник, мэргэжилтнүүд бөөнөөрөө манайд  ирсэн. Тэгээд л Монгол Улсад атар газар эзэмших анхны шанг таталцахаас нь эхлээд газар тариалангийн салбарт 60 гаруй жил зүтгэж дээ.

Атар газар эзэмшээд арван жил болоход зүгээр л атрын аагаар явсан байгаа юм. Ямар ч шинжлэх ухааны үндэстэй ажиллагаа явуулаагүй. Хөрс элэгдэж, салхинд хийсэж эвдрэлд орж эхэлсэн. Ингээд 1969 онд Агрономичдын анхдугаар зөвлөгөөнийг хийж, анх удаа Монголын газар тариаланг хэрхэн шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх вэ гэдэг газар тариалангийн системийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, мэдлэгтэйгээр газар тариаланг удирдах чиглэлийг анх гаргасан гэсэн үг. Агрономичдыг Канад, Казахстанд явуулж туршлага судлуулаад, ингээд 1973 онд Монголын тариаланчдын анхдугаар том зөвлөгөөнийг хийсэн. Энэ үеэс л манай газар тариалан материаллаг баазаар бэхэжсэн. Тэр болтол үрээ гадаа хадгална, техникээ гадаа задалж, засна. ЗХУ-ын тусламжтайгаар засварын газар, үрийн агуулах зэрэг материаллаг баазыг 1972-1977 он хүртэл бэхжүүлэх арга хэмжээ авч, газар тариалангийн салбар жинхэнэ шинжлэх ухааны үндэстэй хөгжиж эхэлсэн.

1972 онд Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 19, 20-р тогтоол гэж том тогтоол гарсан. Одоо ч манай тариаланчид бараг дугаараар нь мэднэ. Газар тариалангийн системийг нэвтрүүлэх зүг чигийг заасан. Үүгээр хөрсний элэгдэлтэй тэмцэх, булдах, үрийн аж ахуйг хөгжүүлэх зэрэг манай  газар тариалан өнөөгийн түвшинд хүрэх суурь үндэс тавигдсан.

- “Атрын II аян”-аар ямар зорилт тавьж, шинэчлэл хийсэн бол?

- Хөдөө аж ахуйн нэгдлүүдэд газар тариалан эрхлүүлэх, САА-нуудад  газар тариалантай хослуулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, газар тариаланг саалийн механикжсан ферм, махны үхэр үржүүлэх ажилтай хамтарч эрхлэх шинэ бодлогыг явуулсан. Энэ зорилтоо хэрэгжүүлээд л зах зээлтэй золгосон л доо.

- Та “Артын III аян”-ы гол ололтыг хэрхэн дүгнэдэг вэ?  

- “Атрын III аян” бол  тариалангийн талбайг тэлэх зорилт тавиагүй. Байгаа сая га газар дээрээ газар тариалангийн үйлдвэрлэлийг цаашид эрчимтэй хөгжүүлэх, га-гийн ургацыг тогтвортой болгох зорилт байсан.

Намайг Хойд Солонгос, Казахстанд Элчнээр арваад жил  яваад ирэхэд, САА- нууд тараад, газар тариалан сэргэшгүйгээр унасан байсан. “Залуучууд”, “Орхон” гэсэн цөөн тооны САА-н  дарга нар нь авахаалжтай учраас үлдсэн байсан. Тэгээд л Хятадын өттэй батганатай гурил иддэг хэцүү үе хэсэг явсан шүү дээ.

 
Хувийн архиваас

- Та өнөөдөр Хөдөлмөрийн баатар болчхоод бодож байхад хийсэн зүйлээрээ бахархах бахархал мэдээж бий. Гэхдээ өөрийгөө тоох хэмжээнд ажилласан ямар үйлс байна вэ? 

- Удирдлага гэдэг ч ерөнхий зүйл. Өөрийн гараар бүтээсэн зүйлтэй байж хүн жаахан бардамнах ёстой гэж би боддог. Би хоёр бардамнах зүйлтэй хүн.

Нэг нь Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйг өөд нь татсан. Тухайн үеийн ЗХУ-ын хүч хөрөнгөөр байгуулсан уг аж ахуй найман жил ургац алдсан байсан. Би очоод 1976-1978 онд хоёр жилийн дотор хамт олныхоо хүчинд босгож, улсын тэргүүний аж ахуй болгож, дөрвөн газрын шагнал авч байлаа.   

Дараа нь Тэсээс ирээд нэг их удаагүй байж байтал Ю.Цэдэнбал даргаас маш  хариуцлагатай үүрэг авсан. Цэдэнбал дарга надад “Сэлэнгэ аймаг манай эдийн засаг,  газар тариалангийн гол бүс. Навсайчихсан байгаа шүү. Тэнд очиж  гурван “хамуу”-ных нь  хариуцлагагүйн хамууг арилгана шүү. Архидалт нь газар авсан юм байна. Манай  Моломжамц яваад “Золтой үхэлгүй ирлээ. Тужийн нарсандаа очоод архидчих юм” гэж байсан. Чи залуу хүн, тариагаа мэднэ. Хариуцлагыг сайн бий болго” гэж маш  хариуцлагатай үүрэг өгсөн. Улс төрийн товчооныхон инээлдэж байсан юм.

Тэгээд Сэлэнгэд очиход үнэхээр хэцүү байсан. Бохир нь гудамжаараа урссан. Халаалт байхгүй болчихсон. Хоёр давхар хоёр байшинтай. Манай гэр бүл явж, нийтийн халуун усанд орно.  

- Хэдэн он бэ?

- 1980 он шүү дээ. Уг нь  Цэдэнбал дарга 1971 онд Сэлэнгэд очоод том үүрэг өгсөн юм билээ. Тэгэхээр нь би тухайн үеийн тэр протоколийг нь хуулж, зургийг нь аваад, Цэдэнбал дарга дээр  яваад орсон. “Таны 1971 онд очиж үүрэг өгч байсан протокол энэ байна. Байдал маш хүнд байна. Үнэхээр гудамжаараа бохир нь урсаж байна” гэж танилцууллаа.

Цэдэнбал дарга “Юу гэнээ” гээд нэг сүрхий том хараад, тэр чинь одоо яагаад тийм байдаг юм. Рагчааг дууд” л гэж байна.

Рагчаа гуай ороод ирлээ. Цэдэнбал дарга “Сэлэнгэ аймаг намайг 1971 онд очиход л тийм байсан. Энэ нөхөр усанд орохдоо алчуураа толгой дээгүүрээ нөмрөөд, авгайгаа дагуулаад халуун ус руу явдаг гэж байна шүү дээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Ингэж байж болох юм уу? Рагчаа чи тэр хүмүүсээ аваад яв. Очиж  ажилд нь тусла” гэсэн.

Намайг  очоод долоо хонож байтал Рагчаа дарга 30-аад хүнтэй араас хүрээд ирлээ. Тэгээд л аймгийн  хаана нь юу барих, яах ийх болсон. Миний аз болоход тэр үед Л.И. Брежнев даргын тусламж авч байсан үе таарсан. Тэгээд л бэлгийн сургууль, эмнэлгийн суурийг  зэрэг тавиад. Бусад аймгийн удирдлагууд намайг бидэнд юу ч олдохгүй байхад чи хоёр зэрэг авлаа гээд. Зөвлөлтийн барилгын бригадыг тэр чигээр нь аваачиж байгаад барилгажуулж эхэлсэн. Сэлэнгэ аймгийг өөд нь татах ажлыг  үндсэндээ гурван жилийн дотор хийж, бүтээн босгосон. Хамт олон гэдэг сайхан л даа. Удирдлагын санаачилж, зохион байгуулж буй ажлыг доороос нь дэмжээд эхлэхээр сайхан байдаг юм.

Сэлэнгийг улсын тэргүүний аймаг болгож, төв дөрвөн байгууллагын шагналыг хүртэл авсан. Мөн  Сэлэнгэ аймаг 1985 онд улсад  хамгийн их ургац хураан авсан.

- Яагаад Сэлэнгэ аймаг тэр үед тийм аймаар болчихсон юм бол?

- Удирдлагын хариуцлагагүй байдал. Архидна гэж найгүй.

- Гурван хамуу гэдэг нь юу билээ?

- Тариалангийн талбай нь зэрлэгтээ бариулчихсан, мал нь хамуундаа баригдчихсан, хүмүүс нь ямар ч хариуцлагагүй. Энэ байдлыг л “хамуурсан” гэж хэлж байгаа юм.

- 2019 онд “Атрын 60 жил”-ээр таныг Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн болгосон нь тийм учиртай байжээ?

- Тийм ээ. Сэлэнгийнхэн надад үнэхээр сайн байдаг.

- Одоо Монгол Улс хариуцлагагүйн “зуд” биш “хамуу”-нд баригдсан гэж хэлж болох нь ээ. Энэ хариуцлагагүйн “хамуу”-наас яаж гарах вэ?

- Хүн бүр үүргээ ухамсарлаж, шат шатандаа бие биедээ хяналтаа чангаруулах хэрэгтэй. Дээрээсээ дороо хүртэл үүрэг даалгаврын биелэлтээ ухамсарлаж, хариуцсан ажилдаа эзэн байх ёстой. Тэгээд дор бүрнээ үүргээ гүйцэтгэж байгаа үгүйг сайд нь дэд сайдаа, дэд сайд нь газрын даргаа, газрын дарга нь ажилтнуудаа хянадаг байх. Хянана гэдэг нь дектатурын журмаар биш. Хийх ёстой зүйлээ хийж байна уу, үгүй юү гэдэгт хатуу хяналт тавих учиртай. Хариуцлага хариуцлага бас дахин хариуцлага.

Хариуцлага гэдэг бол хуурамч зүйл биш. Хүн болгон байх ёстой байр сууриндаа бай, хийх ёстой зүйлээ хий л гэсэн үг

 

 

 

- Хариуцлага гэдэг үгийг та манай одоогийн дарга нарт өөрийнхөө үгээр энгийн ойлгомжтой хэлж өгөөч.

- Хариуцлага гэдэг бол хуурамч зүйл биш. Хүн болгон байх ёстой байр сууриндаа бай, хийх ёстой зүйлээ хий л гэсэн үг. Үүгээр тэрүүгээр дэмий сэлгүүцэж цаг бүү үр.

Хүн бүр үүрэг, хариуцлагаа ухамсарлаад  ажлаа ягштал хийгээд байвал бүх түвшиндээ болчихно. Хариуцлагыг хяналтаар шалгана шүү дээ. Орчин цагт энэ л дутаад байна. Тэр дарга дагаж далдганах, цүнх баригч энэ тэр гэсэн үгс чинь худлаа биш шүү дээ. Өнөөдөр удирдлагын системд тэр асуудал гүн байр суурь эзэлчихсэн байна.

Үүнийг зүгээр нэг хошин ярианы хэмжээнд үзэж болохгүй. Жинхэнэ агуулгаар нь авч үзэж, үтэр түргэн үгүй хийх хэрэгтэй. Хариуцлага гэдэг зүйлийг тийм хэмжээнд ойлгож, тийм хэмжээнд төлөвшүүлж хэвшүүлэх л чухал. Тэгж чадахгүй байна. Сайдад л сайхан харагдахыг чухалчилж байна. Тэр хариуцсан ажилдаа эзэн байх асуудал бүр аравдугаарт байх шиг. Ийм нэг бөөлжис цутгам зүйл газар авчихсан байна. Тэрийг л бүх шатнаас авч хаяж байж улс хөгжинө. Хариуцлага гэдэг зүйл бий болно.Удирдлага жинхэнэ утгаараа явна.

- Сүүлийн үед нийгэмд  малчдыг баяжиж байна, төрөөс их дэмжлэг тусламж авлаа. Тэгсэн хэрнээ хотын бидэнд үнэтэй мах идүүллээ гэсэн шүүмж, гомдол тасрахгүй болж. Та энэ талаар юу гэж бодож байна. Малчдад чиглэсэн төрийн бодлогод ямар дүн тавих вэ?

- Бид Монголыг үеийн үед тэжээж ирсэн  мал, малчин хоёроо хэзээ ч үзэн ядаж, муу хэлж   болохгүй. Малгүй малчин, малчингүй мал гэж байхгүй. Малчин төрийн удирдлага хоёрын харилцаа их холдсон байна. Хэрвээ малчдыг муу хэлж, дайрч доромжлох хандлага гарч  байгаа бол мах идэхээс өөрийг мэддэггүй мангуу хүмүүс бий болж байгаа юм байна гэж би дүгнэнэ. Гэхдээ тийм хүн олон биш байх л даа. Тиймэрхүү хэл үг гарсан тохиолдолд дор нь няцаалт өгч байх хэрэгтэй.  Монгол Улс мал, малчин хоёрынхоо буянаар өдий зэрэгтэй явж, амьдарч байгаа гэдгийг монгол хүн бүр дээр доргүй ойлгох ёстой.  Мал, малчин хоёргүйгээр бид цаашаа явна гэж байхгүй.

Мал, малчин хоёроо ад үзэх юм бол улсаа байхгүй болгоё гэж байгаатай адилхан хатуухан хэлэхэд. Малчид өөрсдийн хөдөлмөрөөрөө л атга чимх зүйл бий болгож яваа улс. Хоёрдугаарт, малчин тэр махны үнийг өсгөөгүй шүү дээ. Олон шат дамжлага дамжсаар яваад л үнэтэй болж байгаа.Үнэ өсгөөд байгаа эзнийг нь олж ярих хэрэгтэй.  

Малчид хөөрхий өөрсдийгөө борлуулаад л байх шиг байна. Авхаалжтай нэг нь гайгүй сайн явна. Тааруухан хэсэг нь ч гэсэн гайгүй дээ. “Мал дагасан хүн ам тостоно” гэж үг бий. Өлсөж цангахгүй сайн сайхан л явдаг байх. Малчид муу байвал 70 сая мал энэ эрс тэс уур амьсгалд жилийн дотор л 50, 30, 20 сая болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгэхээр малчдын буян их ээ.   

- “Ковид”-той холбоотой урд хил хаагдсан нь бидэнд бага сага ч гэсэн зүйл дотооддоо үйлдвэрлэх нь  ямар чухлыг ойлгуулж байна. Одоо хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээс эхлээд дотоодын  үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Хүлэмжийн аж ахуй бол яалт ч үгүй төрийн дэмжлэгтэй л хийгдэх ажил юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү. Яаж хийх ёстой вэ?

- Хүлэмжийн аж ахуйн хэрэгцээ шаардлага гарцаагүй бий. Амгалангийн САА хүлэмжийн аж ахуйтай байсан. Өвөл эсгийгээр хучиж байж өргөст хэмх, улаан лооль хураан авдаг байсан.   

Одоо бол зуны ногоо хаана ч гарна. Арван нэг, арванхоёрдугаар сараас эхлээд тав, зургадугаар сар хүртэл ногоо ховор. Тэр  хэрэгцээг л далд хөрснөөс буюу хүлэмжээр  шийдэхээс өөр арга байхгүй. Энэ бол төр засгийн нэлээд түрсэн бодлого явж байж хөгжүүлэх асуудал. Түүнээс хувь хүмүүс хүлэмжийн аж ахуй хөгжүүлнэ гэдэг бол хувиа л дөнгөж хангахаас цаашаа явахад бэрх. Үүнийг улс нэлээд  хүч тавьж, төрийн бодлого болгож, хөрөнгө гаргаж байж хийх ажил.

- Манай улс  хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр экспортлогч орон болно гэсэн зорилт бий. Та үүнийг хэрхэн  харж байна вэ?

- Юуны өмнө мал аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлох хэрэгтэй байна. Түүнийгээ жинхэнэ экспортын шаардлагад нь нийцүүлж гаргах. Тийм учраас экспортын чиглэлийн үйлдвэрүүдээ хөгжүүлэх нь чухал. Тухайлбал, Өвөрхангай, Дархан-Уул аймагт арьс шир боловсруулах зориулалттай экспортын үйлдвэрүүд байгуулж байна. Энэ бол маш зөв эхлэл. Тэр үйлдвэрүүдээ маш сайн ажиллуулаад эхлэх хэрэгтэй.

- Газар тариалангийн үйлдвэрлэл экспорт хийх боломжтой юу?

- Газар тариалангийн үйлдвэрлэлээр эхлээд улсаа бүрэн хангах хэрэгтэй дээ. Аймаг, сумдын хэ