АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СҮХБААТАР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сүхбаатар сумын “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, 7-р багт байрлах ашиглагдахгүй байгаа хүүхдийн цэцэрлэг, тус багт байрлах балгас болсон барилгын суурь, 1-р багт байрлах нэгдсэн хогийн цэг, Салхитын амны гэрэлтүүлэг, аймгийн угтаж үдэх Сүхбаатар хаалга зэрэг газруудаар явж бодит байдалтай танилцлаа.
“Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-т 2022 онд улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар зуухны засвар хийгдэх бол орон нутгийн хөгжлийн сангийн 220 сая төгрөгөөр ковш машин авч өгөхөөр төсөв батлагдаад байна.
Мөн Сүхбаатар сумын балгас болсон байшинг нурааж зайлуулан янзлахад зориулж орон нутгийн хөгжлийн санд 110 сая төгрөгийг тусгаад байна.
Аймгийн Засаг дарга Сүхбаатар сумын өнгө үзэмжийг сайжруулан, аймгийн төв шиг төв болгохыг гол зорилгоо болгож байгаагаа илэрхийлээд, мэргэжлийн байгууллагын хүмүүст бүх ажлаа тооцоо судалгаан дээр үндэслэн идэвхи санаачлагатай, хөөцөлдлөгөөтэй, сууж биш явж хийхийг тодотгон хэллээ.
Аймгийн Засаг даргын удирдамжаар батлагдсан ажлын хэсгүүд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн үлдсэн 16 сум, 6 тосгонд нэгэн зэрэг ажиллаж эхэлнэ.
Ийнхүү бүх сумдадаа ажиллаж дууссаны дараагаар нэгдсэн байдлаар иргэд олон нийтэд дүгнэлт мэдээллийг танилцуулах юм.