ЦАГДААГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ ТУС БАЙГУУЛЛАГЫН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ НЬ СОНСЛОО
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж тус байгууллагын тулгамдсан асуудлыг нь сонслоо. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын үүсэл 1924 оноос эхтэй бөгөөд ардын хувьсгалтай үе чацуу байгууллага юм.
Аймгийн Засаг даргын зүгээс аймгийн төв Сүхбаатар сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх үүднээс хамгийн түрүүнд гэрлэн дохиотой болох, замын хөдөлгөөнд оролцох соёлыг төлөвшүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн. Гэрлэн дохио байрлуулж болох газрын байршил, зураг төсөв, мөн зам дагуух тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэн камержуулах цэгүүдийг тогтоох үүргийг Цагдаагийн удирдлагад өглөө.
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хүнд хэцүү сөрөг бүхэнтэй нүүр тулж, ард иргэдээ амар тайван байлгахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр хичээн зүтгэж яваа. Хүйтэнд хөрч, халуунд халж явдаг энэ хүмүүсийн ажлын орчин нөхцөл таатай байх ёстой гэдгийг Засаг дарга онцолж байв.
Тус Цагдаагийн газарт байрны асуудлаас эхлээд компьютер тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд учир дутагдалтай элэгдэл хорогдолд орсон гээд анхаарах асуудал багагүй байгааг танилцуулж байв.
Аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа Засаг даргын зүгээс илэрхийлээд бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.