МЭНДЧИЛГЭЭ
Монгол түмэндээ болон нийт Сэлэнгэчүүддээ, Сэлэнгэ сайхан нутгийнхаа нэрийг дуурсгаж дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа нутгийн түмэндээ 17-р жарны Усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний мэнд хүргэе.
Монгол түмнээ эх орныхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, үр тариагаар хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Сэлэнгэ түмэн улиран үдэж байгаа үхэр жилдээ амжилт бүтээмж арвинтай байлаа.
Дэлхий нийтийг айдаст автуулсан ковидын онцгой нөхцөлд ажиллаж байгаа хэдий ч Сэлэнгэчүүд хариуцсан салбар бүртээ амжилттай байж 858.8 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тариаланчид, өрхийн үйлдвэрлэгчид 207.1 мянган тонн үр тариа, 60.8 мянган тонн төмс, хүнсний ногоог хураан авч эх орныхоо хэрэгцээнд нийлүүллээ.
Монголчуудынхаа өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн энэ амжилтыг төрийн шийдвэрээр баталгаажуулан Сэлэнгэчүүд дундаас Хөдөлмөрийн баатар, гавьяатууд олноор тодорсон сайхан жилийг бид түүх болгон үлдээж байна.
2022 он буюу бар жилийг аймгийнхаа хэмжээнд “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон энэ хүрээнд онцлон хэрэгжүүлэх ажлуудаа тодотгон, сум, баг, өрх бүртээ хүрсэн үр дүнг гаргахын төлөө Сэлэнгэ аймгийн удирдлагын баг бодлогоо чиглүүлж байна.
Гарч байгаа Усан бар жилдээ Сэлэнгэчүүд бид улам их амжилтыг гаргаж, салбар бүртээ манлайлагч нь байж, эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмрээ оруулсан сайхан жил байхыг ерөөж байна.
Нийт Монголчууддаа мөн 108 мянган Сэлэнгэчүүддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч, өрх гэртээ сар шинэдээ сайхан шинэлж, Элбэг хангалуун, Сэтгэл тэнүүн байхын ерөөл өргөе.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.ЛХАГВАДОРЖ