МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын алба хаагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад дайчин, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч, түрүүч, байлдагч Та бүхэндээ Монгол Улсын Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж Ардын хувьсгалын анхны ялалтыг байгуулснаар Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөн түүхтэй.
Энэхүү түүхэн өдрийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд 2011 оноос хойш “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна.
Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм Та бидний баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчлан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн бусад томоохон бүтээн байгуулалтын ажлуудад Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо онцгой ач холбогдолтой юм.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай ажил, амьдралаа холбосон үе үеийн ахмадууд, нийт алба хаагчдадаа "Монгол цэргийн өдөр"-ийн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, цаашдын ажил, албанд нь арвин их амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхнийг Бүх цэргийн Их хар сүлд мөнхөд ивээх болтугай.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ