Н.ЛХАГВАДОРЖ: ЗАСАГ ДАРГЫН ЗҮГЭЭС ТӨРИЙН БҮХ ШАТАНД ҮР ДҮНГ ЧУХАЛЧИЛЖ, ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГА, ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Аймгийн ЗДТГ-аас энэ сарын 17-18-ны өдрүүдэд нийслэл хотноо зохион байгуулсан "Хүнээ дээдэлж-Хамтдаа хөгжье" зөвлөлдөх уулзалт, сургалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой уулзаж ярилцлаа.

-Сэлэнгэ аймаг жил бүр удирдах ажилтаны зөвлөгөөнөө хийдэг уламжлалтай. Энэ удаа маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотод зохион байгуулж байгаа нь ямар онцлогтой вэ?

-Жил бүрийн эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг төрийн залгамж чанарыг хадгалж, өмнөх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүнээ дээдэлж-Хамдтаа хөгжье” эрхэм зорилгын дор зөвлөлдөх уулзалт, сургалт нэртэйгээр агуулга, хэлбэрийн хувьд шинэ түвшинд хийхээр шийдвэрлээд бид энд цуглараад байна.

Төр засгийн бодлого, төрийн үйлчилгээний талаарх ард иргэдийн хүсэл, хүлээлт, нийгмийн хөгжил, дэвшил та биднээс шинэ бодлого, хөгжлийн шийдэл, бодит үр дүнг зүй ёсоор шаардаж байгаа энэ цаг үед бүх шатны төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах нь зүйтэй гэж үзсэн. Энэ ч утгаараа Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн бүх шатны төр, төсвийн байгууллагын удирдлагуудыг хамруулан өргөн бүрэлдэхүүнтэйгээр, тэднийг шинэ мэдээ, мэдээллээр хангах, шинэ мэдлэг олгохыг зорьж, Нийслэл хотод зохион байгуулж байна. Ийм ч учраас Монгол Улсын "Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн бодлогод нийцсэн орон нутгийн бодлого, зорилтыг төлөвлөн, хэрэгжүүлэхэд аймгийн удирдлагын баг, бидний нэгдмэл байдал, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэл чухал үүрэгтэй гэдгийг онцолж хэлэхийг хүсэж байна.

-Шинэ сэргэлтийн бодлогуудын үндсэн зорилгын хүрээнд Сэлэнгэ аймаг үйлдвэрлэгч, байгальд ээлтэй аймаг болохоо зарласан. Мөн улс орон маань амаргүй хоёр жилийг үдлээ. Аюулт цар тахлын дараах сэргэлтийг хэрхэн харж байна. Цаашид хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын ирэх 10 жилд хүрэхийг зорьж буй Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэрийн сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлтийн үндсэн зорилгууд нь Сэлэнгэ аймгийн онцлог, давуу талд үндэслэн бүрэн хэрэгжих боломжтой гэж үзсэн. Иймээс бид “Эрчимжсэн хөдөө аж ахуйд суурилсан, байгальд ээлтэй үйлдвэрлэгч аймаг болох” алсын харааг дэвшүүлэн ажиллаж байна. 

Сүүлийн 2 жил гаруй хугацаанд дэлхий нийтээр халдварт цар тахалтай нүүр тулсан хүндхэн үед төрийн ажил үйлчилгээг иргэдэд тасалдалгүй хүргэх, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад түлхүү анхаарч, хорио цээрийн дэглэмийн нөхцөл байдалд ажиллаж зарим ажил үйлчилгээ доголдсон, хугацаа алдсан, тасалдсан зэрэг эрсдэлүүд үүссэнийг бид бүхэн мэдэж байгаа.       

Цаашид цар тахалтай тэмцэж, сөрж ажиллах, амьдрах, үүссэн бэрхшээлийг даван туулах цаг үе ирсэн гэдгийг мэдэрч, эрч хүчтэй, зоригтой, сэтгэл зүтгэлтэй бодож, сэтгэж, хэрэгжүүлж ажиллах, ковидын дараах шинэ төлөвлөлт, шинэ хандлага, шинэ боломжуудыг бий болгож ажиллах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Иймд аймгийн Засаг даргын зүгээс төрийн бүх шатанд үр дүнг чухалчилж, гүйцэтгэлийн удирдлага, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлнэ.

Мөн төрийн байгууллага, албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, цахим шилжилтийг орон нутагт хэрэгжүүлнэ. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээний чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний болон сургалтын чанарыг ахиулна. Цаашлаад хөгжлийн оновчтой төлөвлөлтийг хийж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр ашгийг нэмэгдүүлэх. Аялал жуулчлалын салбарт шинэчлэлийн бодлогыг боловсруулж, аймгийн нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгална. Мөн эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх замаар эдийн засгаа тэтгэж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зэрэг гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ бүхнийг хамтын оролцоотойгоор хэрэгжүүлэхийг зорьж байгаа.

-Таны хувьд аймгийн Засаг дарга хэмээх албыг аваад удаагүй байгаа. Энэ хугацаанд юу хийж амжуулав. Ажлаа хаанаас, юунаас эхэлсэн бэ?

-Миний бие Сэлэнгэ аймгийн Засаг дарга хэмээх өндөр хариуцлагатай, их үүрэг хүлээсэн хүндтэй албан тушаалд томилогдоод 3 сар гаруй хугацаа болж байна. Энэ хугацаанд төрийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд 2020-2024 оны Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бүрэн эрхийн зорилго, зорилт, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, аймаг орон нутгийн хөгжлийг төлөвлөх зэрэг ажлуудыг хийж байна.

-Танд баярлалаа.

Ч.Отгонцэцэг