“ДУГУЙТАЙ СЭЛЭНГЭ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАНА
Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ клуб” байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл бүх насны гишүүдээр гишүүнчлэлээ нэмэгдүүлэн үр дүнтэй ажиллаж байна.
Нийтийн биеийн тамирын спорт, тэр дундаа дугуйн спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд тус клубын зүгээс аймгийн Засаг даргатай харилцан санал солилцсоны үндсэн дээр “Дугуйтай Сэлэнгэ” төслийг хэрэгжүүлж хамтран ажиллахаар болоод байгаа юм.
Тус клубын тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл болон Сүхбаатар сум дахь ЕБС-ийн биеийн тамирын багш нарын уулзалтыг аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс зохион байгууллаа.
“Дугуйтай Сэлэнгэ клуб” нь салбар бүрийн ажил мэргэжлийн хүмүүс өөрсдийн хүсэл зорилгын хүрээнд эвлэлдэн нэгдсэн сайн дурын байгууллага. Тус клубын гишүүд “Илүүдэл жингүй эртэч Монгол аян”-д нэгдэн хөдөлгөөний дутагдлаас бүх насныхныг сэргийлэх, дугуйн спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх үндсэн зорилго дор “Дугуйтай аялагч залуус”, “Насанд хүрэгчдийн”, “Ахмад настнуудад зориулсан” гэх мэт группүүдийг ажиллуулж байна. Хамгийн түрүүнд хүүхдүүдийг энэхүү хөдөлгөөнд идэвхтэй хамруулах үүднээс ЕБС-ийн багш нартай хамтарч ажиллахаар санал солилцлоо.
Анх 2017 онд сууриа тавьсан клуб 2019 онд албан ёсоор “Дугуйтай Сэлэнгэ” спортын клуб болон өргөжжээ. Клубын удирдах зөвлөлийн гишүүд “Дугуй-Хобби, “Дугуй-Эрүүл мэнд” гэсэн сургалтыг бүх шатны байгууллагуудад тогтмол явуулсаар ирсэн байна. Тэдний онцлог нь клубын албан ёсны үнэмлэхтэй, клубын онцлогоо гаргасан маскатай, иж бүрэн хувцасаар бүрэн жигдэрсэн, брэнд дугуйгаар өөрсдийгөө хангасан явдал. Хантааз нь л гэхэд урдаа 1, хойноо 2 шөнийн цагт гэрэлтүүлэгч цацруулагчтай аж. Цар тахал гарахаас өмнө клубын гишүүд Буриадын дугуйчидтай хамтарч Галуут нуурын чиглэлд гадаад аяллыг амжилттай зохион байгуулж байжээ.
Сүхбаатар сумын аварга шалгаруулах өсвөрийн дугуйчдын тэмцээнийг зохион байгуулж, аймаг орон нутаг, улсын чанартай тэмцээн уралдаануудад амжилттай оролцсоор явна. Хамгийн сүүлд 2022 оны 3-р сард Монголын дугуйн холбооноос зохион байгуулсан 24 клубын 173 дугуйчид оролцсон улсын тэмцээнээс 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 3-р байр эзэлсэн амжилтыг үзүүлээд байна.
Өдгөө “Дугуйтай Сэлэнгэ клуб” Ерөө, Зүүнбүрэн, Шаамар, Алтанбулаг, Мандал сумдад салбартай, 1100 гаруй гишүүн дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.