БУГАНТ ТОСГОНД МОД МОДОН ЭДЛЭЛИЙН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хөвчийн тосгон Бугантад мод модон эдлэлийн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа оролцож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Бугант Нандин” ХХК 2007 оноос хойш худалдаа үйлчилгээ, ачаа тээвэр, мод үржүүлэг, ойн нөхөн сэргээлт, ойжуулалт, ойн арчилгаа цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт хийх чиглэлээр Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж байна. Мод үржүүлгийн талбайдаа 500 мянгаас 1 сая ширхэг тарьц суулгацыг бойжуулж, ойжуулалтад бэлэн болгожээ.
Тус аж ахуйн нэгж иж бүрэн тавилгатай, металл тоногтой цомцог тоонтой, хүннү загварын Монгол гэрээс эхлээд сандал ширээ, буйдан гээд гэр ахуйн бүх төрлийн тавилга, байгууллагын оффис тавилга, 30-50 нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ загварт нийцүүлэн гаргаж олны талархлыг хүлээсээр байгаа юм. Үйлдвэрлэлийн баазаа чанарын шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж, 50-80 хүнийг ажлын байраар ханган орон нутагтаа шинэ ажлын байрыг бий болгон ажиллаж байна.
Орон нутгийн үйлдвэрлэлээ худалдан авалтаар дэмжиж хөрөнгө оруулцгаая.