Н.ЛХАГВАДОРЖ: УДИРДЛАГЫН БАГ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭС ЯАЖ СУРАЛЦАХ, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААР ХЭРХЭН ХАНГАХ ВЭ ГЭДЭГ ДЭЭР НЭЛЭЭД ЗҮЙЛҮҮДИЙГ СУРЧ БАЙГАА НЬ МАШ ҮР ДҮНТЭЙ

Монгол Улсын Шадар сайд, Сэлэнгэ аймгийн Засаг даргатай 2022 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.

-Энэ удаагийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хэдийгээр төлөвлөгөөт ажил боловч хүн, малын гоц халдварт өвчин дэгдсэний дараах маш онцлог цаг үед болж байна?

-Энэ бол Монгол Улсын шадар сайд, Аймгийн Засаг дарга хоёрын хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан ажил. Албан ёсны нээлтээ сая хийсэн боловч ерөнхийдөө сургалтын үйл ажиллагаа урьдчилаад эхэлчихсэн байсан. Яг одоо аймгийн удирдлагууд болон 17 сумын Засаг дарга нарын сургалт үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгон нийтдээ 8742 хүн өнөөдрийн байдлаар сургалтад амжилттай оролцсон. Сургалт болон нөхцөл байдалд Сэлэнгэ аймагт газар хөдөлбөл гол аюул онцлогийн үед ямар түвшинд ажиллах ёстойг Онцгой байдлын Ерөнхий газраас даалгавар өгсний дагуу бид ажиллаж байна. Энэ ямар үр дүнтэй байгаа вэ гэхээр өнгөрсөн жилүүдэд ковидын зэрэгцээ малын гоц халдварт өвчин гарсан. Мөн үер усны гамшиг болсон. Энэ бүгдэд удирдлагын баг, мэргэжлийн хүмүүсээс яаж суралцах, дээр нь удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хангах вэ гэдэг дээр нэлээд зүйлүүдийг сурч байгаа нь маш үр дүнтэй юм. Иймээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нарт нийт иргэдийнхээ өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.

-Удирдлагын түвшинд гол анхаарах ямар асуудал байна. Цар тахалтай нүүр тулан тэвдэж байсан үеэ эргэн харахад бас суралцсан зүйл байгаа болов уу?

-Ер нь манайхны гаргаж байгаа нэг алдаа бол гамшиг, ослын үед удирдлага зохион байгуулалтаар хангахад асуудал хүндрэлтэй байгаад байгаа юм. Дээр нь энэ чиглэлийн дүрэм журам нь гараагүй, араас нь явдаг зэргээс болж маш их хэмжээний эрсдэл үүсч, асуудал гарч байна. Иймээс аймгийн хэмжээний удирдлагын баг, бүх суманд удирдлага чиглэл өгч байгаа нь бас давуу талтай. Жишээ нь миний бие Сэлэнгэ аймгийн Засаг даргын ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сард авахад манай аймгийн 8 суманд шүлхий өвчин гарчихсан байна. Энэ үед удирдлага зохион байгуулалтын ажилд дутагдалтай, ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал бий болсон үе байсан. Тухайн үед ОБЕГ-аас зөвлөмж, тусламж авч байж бид малын гоц халдварт өвчнийг Сэлэнгэ аймагтаа дарж чадсан. Мөн ковидын нөхцөл байдал ч гэсэн маш хүнд, аль аль талдаа асуудал их байсан. Энэ сургалтын гол ач холбогдол, давуу тал нь аймгийн болоод сумдын удирлагууд бүгд мэдлэг, мэдээлэлтэй болж байгаад юм.