ХҮН ХӨДӨЛМӨРЛӨЖ Л ЧАДВАЛ ЮУ Л БОЛ ЮУГ Ч ХИЙЖ ЧАДНА
Олон төрлийн мод, бут тарьж ургуулан хашаагаа эдийн засгийн эргэлтэд оруулж болдогийн жишээ Мандал суманд байна.
Байгаль эх дэлхийгээ, оршин амьдрах орчин нөхцөлөө, санхүүгээ гээд олон зүйлд “эерэг” сайхан нөлөөтэй энэхүү “ногоон зах зээл”-ийг хэт их том олон га талбайд тарьж ургуулна гэж бодохоосоо өмнө амьдарч байгаа орчноосоо хамгийн түрүүнд олж харах хэрэгтэй ажээ.
Мандал сумын иргэн М.Энхмаа өөрийн өмчлөлийн хашааны талбайгаа бүрэн ашиглаж орчноо тансаг гоё болгожээ. Эдний хашаанд элгэнд ач тустай эмчилгээний модноос эхлээд алим, чацаргана, мойл, үхрийн нүд зэрэг жимсний, гоёлын гацуур, нарс, шинэс, агч, улиас, хайлаас, тарьмал зүлэг гээд олон нэр төрлийн шилмүүст болон навчит моднууд байна.
Харин Ц.Болормаа найзуудын хамт “Төхөмийн булаг” хэмээх нөхөрлөл байгуулж 2 дахь жилдээ мод тарьж байгаа. Тус нөхөрлөлийнхөн хашааны 0,7 га хүрэхгүй талбайгаа ашиглаж гоёлын модоо үрээр, хайлаас, улиас, бургасыг мөчрөөр тарьж ургуулдаг. Гоёлын гүйлс, буйлс, далайн хальс, голт бор, нохойн хошуу, тэхийн шээг, нарс, агч, алимны мод тарьдаг.
Хөдөлмөрч бүсгүйчүүд маань ямар ч стрессгүйгээр байгальдаа, өөртөө хэрэгтэй зүйл хийж байгаадаа талархалтай байна. Үр, газар худалдаж аваад мод тарина гэхээсээ илүү байгаа орчноо тордож ашиглах хэрэгтэй, хүн хөдөлмөрлөж л чадвал юу л бол юуг ч хийж болохоор байна гэцгээж байв.