АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА МАНДАЛ СУМАНД АЖИЛЛАЛАА
Долоо хоногийн ажлын эхний өдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал суманд ажиллаж улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил болон “Мандал Энерго”ОНӨААТҮГ-ын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.
Тус суманд хийгдэж байгаа зам талбайн ажлуудын зарим хэсэг дуусаж хүлээн авахад бэлэн болоод байгаа бол нэг хэсэг нь ид явагдаж байна. Энэ жил сум дотор 1,6 км авто замыг шинээр тавьж ашиглалтад авахад бэлэн болгожээ. Өмнөх жилүүдэд нийтдээ 22 км замыг тавьсан бол жил бүр шинээр 2,3 км-ээр нь шинэ зам тавьж сум дотроо бүрэн хатуу хучилттай замтай болохоор төлөвлөсөн байна.
2019, 2020 онд 6.3 км бохирын шугамыг шинээр хийжээ. Энэ жил улсын төсвийн 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 км бохирын шугамын ажлаа эхлүүлээд байна. Энэ ажил он дамжин хийгдэх аж. Тус шугам тавигдсанаар сумын хэмжээнд нийт төр төсвийн байгууллагууд бохирын шугамд бүрэн холбогдох юм байна.
Шинээр 54 тэрбум төгрөгөөр дулааны станцын зураг төсөвөө хийлгэжээ. УИХ-ын гишүүд, аймагтаа хандаж ойрын 2-3 жилдээ дулааны станцтай болох зорилттой байгаагаа сумын Засаг дарга Б.Ганболд хэлж байлаа.
Суманд аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажил хуваарьт цаг хугацаандаа хийгдэж, төр төсвийн байгууллагуудын бэлтгэл бүрэн хангагджээ. Дулааны төвүүдийн ерөнхий засварын ажлууд дуусаж, дотоодын жижиг засвараа хийж байна.
Мандалчууд энэ жил аймаг, сумын хөрөнгө оруулалтаар нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.