АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ ЗҮҮНБҮРЭН, ЦАГААННУУР, ТҮШИГ СУМДАД АЖИЛЛАЛАА
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, удахгүй тариа хураалтын ажил эхлэхтэй холбогдуулан Түшиг, Цагааннуур, Түшиг чиглэлд шинээр тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан.
Дээрх сумдын төр төсвийн байгууллагуудыг дулаанаар хангадаг уурын зуухнуудын үйл ажиллагааг газар дээр нь үзлээ. Зүүнбүрэн сумын уурын зуухнууд нэлээд асуудал дагуулж байсан учраас аймгийн дарга түргэн ажилд оруулах, ямар нэгэн боломжийг ашиглаад байхгүй тоног төхөөрөмжөө олж, засварлаад ажилд бэлэн болгох талаар холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө.
Мөн Зүүнбүрэн, Цагааннуур суманд тавигдаж байгаа автозамын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн удирдлагуудтай уулзаж, ажлын явц байдалтай танилцан санал бодлоо солилцлоо. Удахгүй тариа хураалтын ажил эхэлнэ. Иймээс будаа тээвэрлэлтийн үед замаас шалтгаалсан ямар нэгэн эрсдэлт нөхцөл үүсэхгүй байх, шинэ тавьж буй замын хажуугаар явж буй туслах замуудын аюулгүй байдлыг ханган ажиллахыг замын компанийн хүмүүст аймгийн дарга онцгойлон анхааруулав. Аймгийн зүгээс хүсэх тулгамдсан асуудал юу байгааг тодрууллаа. Цементгүй болсон учраас зогсож байгаа мэдээллийг тэд өгсөн. Хөтөлөөс цемент нийлүүлж байсан боловч, уг үйлдвэрийн засварын ажил эхэлсэн учраас цемент тасалджээ. Энэхүү замын ажлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Эл Зи” зам гүүр компани 2 хэсэг болон дээрх сумдад гүйцэтгэж байна. Цементийн тасалдлыг нэн даруй шийдэх боломж байгаа эсэхийг судлаад хариу өгнө гэдгээ аймгийн дарга хэллээ.
Цагааннуур сумын хувьд уурын зуухны талаар ямар нэгэн доголдсон асуудал байхгүй, шинээр уурын зуух барьжээ. Мөн хогийн асуудлаа шийдсэн, сумын өнгө үзэмжээ нэмэгдүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байгаагаа аймгийн даргад танилцууллаа.
Түшиг сумын тухайд маш сайн халаалттай. Уурын нэг зуухтай. Сургууль, цэцэрлэг, эмнэлгээ төвлөрсөн халаалтад холбожээ. Энд гагцхүү уурын зуухны утааны асуудал хүндрэлтэй байгаа учраас үүнийг шийдэх ажил байгаа хэмээн Түшиг сумын удирдлага хүсэлт тавьж байв.
Сумдын уурын зуухны асуудалд анхаарал хандуулж, жилийн жилд халдаггүй гэсэн гомдолоос салах, үйл ажиллагааг нь тогтвортой байлгахад анхаарч ажиллахыг аймгийн дарга холбогдох хүмүүст анхаарууллаа.
Аймгийн Засаг даргын ажлын бүрэлдэхүүнд аймгийн ЗДТГ-ын ХОХБХ-ийн дарга Я.Мөрөн, аймгийн “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ын дарга Б.Алтансүх нар багттаж байв.