ЦАГААННУУР ХОГНЫ АСУУДЛАА ШИЙДЭЖ “ЦЭМЦГЭР СУМ” БОЛЖ ЧАДЖЭЭ
Цагааннуур сумын Засаг дарга Ц.Баянбаатар хамгийн түрүүнд хогийн цэгийн асуудлаа цэгцэлж, хашаа барьсанаа аймгийн даргад харууллаа. Хийсч ирж сумын өнгө үзэмжид нөлөөлж байсан хогийн цэгийг хашаажуулж, замын компанитайгаа хамтран ажилласнаар энэ асуудлыг шийдэж чаджээ. Хогийн цэг доторх талбайгаас карьеэр ухаж хэрэглэж байгаа бөгөөд замын компани ажлаа дуусаад буцахдаа нөхөн сэргээлтийг хийж өгнө гэсэн гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Энд 3м-ийн өндөртэй, 900 м хашааг барьжээ. Цагааннуурчууд хоггүй цэмцгэр болоод зогсохгүй сумын өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн, иргэддээ ээлтэй бүтээн байгуулалтын ажлуудыг нэлээд хийжээ. Тус суманд орон нутгийн хөрөнгө оруулалттай 16 ажил, аймгийн төсвийн хөрөнгө оруулалттай 3 ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажил хийсэн байна. Тодруулбал гудамж талбайн гэрэлтүүлгээс гадна цахилгаан хурд хэмжигч тавьж байгаа аж.
Мөн сумын ОНХС-ын хөрөнгө оруулалтаар сумын төвийн хатуу хучилттай зам дагуух ногоон байгууламжийн тохижилтын ажлыг "Сэлэнгэ Таванхан" ХХК хийж гүйцэтгэжээ. Энэхүү ажлын хүрээнд ногоон байгууламжийн тохижилтоор явган хүний зам, хаалга, жижиг модон гүүр, сүүдрэвч, сандал, хогийн сав, гэрэлтүүлгийн ажлуудыг хийсэн байна. Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 78 сая төгрөгийн хөрөнгөөр 500 м зам тавьжээ. Түүнчлэн малын тоо толгойн албан татвараар Оргих 1-р багийн "Гэр чулууны даваа"-г засах ажлыг “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК 169 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Мөн шинэ уурын зуух, хаусын барилга зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа нь сумын өнгө үзэмжид ихээхэн нөлөөлжээ.
Ухаан зарж сумаа хөжгүүлэх сэтгэлтэй удирдлагуудын бас нэгэн хийж байгаа ажил бол замын компаниудтай нийгмийн хариуцлагынх нь хүрээнд хамтран ажиллаж, харилцан тохиролцоод сумын төв рүү орох тойрог замуудаа асфальт болгох ажлыг хийхээр болсон гэлээ. Энэ ажил хийгдсэнээр тус сумын орох гарах, сумаар дайран өнгөрөх замын дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж, хатуу хучилттай авто замтай болох бүрэн боломж бүрдэх юм байна.
Мөн тус суманд хийгдэж байгаа эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил аймгийн даргын сэтгэлд хүрэхгүй байлаа. Гүйцэтгэгч болон хариуцаж буй хүмүүстэй эргэж холбогдож энэ ажилд анхаарал хандуулахыг тэрээр үүрэг өгсөн.
Цагаануур хөгжсөөр, ирээдүй нь гэрэлтсээр . . .