Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн: МАЛЧИДДАА ТУЛГАМДААД БАЙГАА ОЛОН АСУУДЛЫГ ИТХ-тайгаа ХАМТРААД ЦААШИД ШИЙДВЭРЛЭЭД ЯВНА

-Өнөөдөр Сүхбаатар сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран сумынхаа малчдын зөвлөгөөнийг хийлээ. Бэлчээрийн болон хадлангийн талбай байдаггүйгээс үүдэн Сүхбаатар сумын малчдад тулгамдсан асуудал нэлээд байдаг бололтой. Зөвлөгөөнөөс ямар үр дүн гарав. Ямар шийдэлд хүрэв?

-Сүхбаатар сум маань нийтдээ 343 малчид, мал бүхий иргэдтэй. Малчдад маань тулгамдаж байгаа маш олон асуудал байна. Бид 8-р сарын 23-24-ны өдрүүдэд сумын ИТХ болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамт малчдаараа явж амьдрал байдалтай нь танилцсан. Ажлын хэсгийн гол зорилго бол малчдынхаа амьдралд тулгамдсан ямар асуудал байна, ажил амьдрал нь хэрхэн байна, нийгмийн асуудал юу байна зэргийг судалж, мэдэх, асууж тодруулах зорилготой явсан. Ингээд үргэлжлүүлээд малчдынхаа зөвлөгөөнийг өнөөдөр хийлээ. Яагаад ийм шахуу хийж байна вэ гэхээр удахгүй тариа хураалт, хадлан тэжээлийн ажил эхэлнэ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна. Түлээ нүүрсний асуудал гээд зөндөө ажил байна. Иймээс зөвлөгөөнөө хурдан хийж, зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг аймгийн Засаг дарга болон холбогдох хэлтэс, агентлагын хүмүүс, зэргэлдээх сумдын удирдлагуудад хүргэх, асуудлыг шийдвэрлэх зорилгоор зөвлөгөөнөө амжилттай хийлээ.

Бидний зүгээс төрийн бодлого бол малын тоонд бус чанарт анхаарах, МАА-г эрчимжүүлэх, сүүний, махны үйлдвэрлэл болон ХАА-н үйлдвэрлэлийг бий болгох чиглэлд баримталж буй бодлогыг орон нутагт хэрхэн яаж хийх боломж байна гэдэг дээр төвлөрч анхаарч байна.

-Сүхбаатар сум аймгийн төв гэдгээрээ онцлогтой. Мал орж ирж ногоон байгууламж сүйтгэх асуудал нэлээд гардаг бололтой. Ер нь малчид маш олон тулгамдсан асуудлыг ярьж байна. Гарц гаргалгаа олов уу, асуудлыг хэрхэн шийдэв?

-Манай сум аймгийн төвийн сум учраас хот тохижилт, ногоон байгууламжид мал орох гол асуудал байгаа. Үүнийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг дээр анхаарч ажилласан.  Хотын ногоон байгууламжид мал тэжээвэр амьтдыг оруулахыг хязгаарласан журмыг сумын ИТХ-аараа батлуулан гаргасан. Энэ журмыг өнөөдрийн зөвлөгөөн дээрээ малчдад танилцууллаа. Мөн журмын хэрэгжилтээ хангах чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөж хэлж өглөө. Үүнээс гадна малчид маш олон тулгамдсан асуудлыг ярьж байна. Тухайлбал малын тарилга. Малыг вакцинжуулах үед хүн хүчний асуудал дутагдах, ихэвчлэн настай хүмүүс байж таардаг. Иймээс зөөврийн хашааны асуудлыг шийдэж өгөөч. Хоёрдугаарт сумын хэмжээнд мал угаах үеэр ванны хэрэгцээ шаардлага маш их хэрэгтэй байдаг. Иймээс сумын хэмжээнд ванны асуудлыг шийдвэрлэх. Мөн хамгийн тулгамдсан гол ажил бол хадлан тэжээл өвсөө авах гэхээр газаргүйн улмаас үнэтэй өвс, тэжээл авч байна. Иймээс хадлангийн газрын асуудлыг шийдвэрлэж өгөх боломж гарц юу байна. Нөгөө талаас ногоон тэжээл, хивэг, будааны асуудлыг хөнгөлөлтэй үнээр өгөх боломж юу байна гэсэн асуудлуудыг малчид маань тавьж байна. Иймээс бид өнөөдөр Алтан тариа компанийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын төлөөлллийг авч ирж, төрийн зүгээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, сум орон нутагт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрээ танилцуулж ажиллалаа. Үүний үр дүнд 2023 оны төсөвт нэн түрүүнд зөөврийн хашаа, ванны хөрөнгийг сумын төсөвт тусгаж өгөх шийдвэрт хүрлээ. Мөн хадлан тэжээл, бэлчээрийн асуудлыг зөвхөн сумын Засаг дарга, ИТХ-аас сумдтай харьцаад үр дүнд хүрэхгүй юм байна. Иймээс аймгийн Засаг даргын хүчийг энд хавсаргая. Аймгийн даргад хүсэлтээ өгье. Аймгийн ХХААГ-ын даргын хүчийг хавсаргая. Хүсэлтээ өгье. Ингэж зэргэлдээх сумдын Засаг дарга, ИТХ-тайгаа хамтарч малчдынхаа энэ гол тулгамдсан асуудлыг хамтарч шийдэх нь зөв юмаа гэсэн алхамд хүрээд байна. 

-Хотын ногоон байгууламжийн асуудлаас болж малчдыг гаргах талаар ярьж байх шиг. Газаргүй малчид хаашаа явах билээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэх гэж байна?

-Хотын ногоон байгууламжид мал амьтдыг оруулахыг хязгаарласан тогтоол шийдвэрээ танилцуулахад малчид маань бид хотоос гараад хаваржаа, намаржаанд буух боломж байна. Бид өөрсдөө ч хүсч байна. Бидэнд маш хэцүү байдаг. Газаргүйн улмаас хөдөлж болохгүй байна. Мал маань хотын ногоон байгууламжийг идэх вий, сүйтгэх вий гэсэн байнгын айдас, түшгүүртэй байдаг. Араас нь байнга дагуултай, хариулгатай явдаг. Тэгэхээр энэ маш их ажил хөдөлмөр зарцуулдаг. Бидэнд хаваржаа намаржааны газар байдаг бол их амар байх байна. Бидний ч ажил хөнгөрнө гэж малчид маань ярьж байна. Тэгэхээр бид энэ чиглэлээр зэргэлдээх сумдын Засаг дарга нарт ядаж энэ намаржаа, хаваржаа, зусаа нь тус тусдаа байдаггүй юм аа гэхэд бүлэг бүлгээр нь газар зааж өгөх ч байдаг юм уу. Энэ мэтээр зэргэлдээх сумдтайгаа гэрээ, хамтран ажиллах санамж бичиг үйлдэх гэх мэт араас нь хөөцөлдөх ажил маш их байна. Тэгэхээр Засаг даргын хувьд малчиддаа тулгамдаад байгаа энэ асуудлыг ИТХ-тайгаа хамтраад цаашид шийдвэрлээд явна гэж бодож байгаа.  

Ч.Отгонцэцэг